Япон улсыг чиглэн ирж буй байгалийн аюултай үзэгдлийн улмаас өнөөдөр төлөвлөгдсөн олон улсын зарим нислэг цуцлагдахаар боллоо. Цаг уурын албанаас мэдээлснээр “Жанми” хар салхи Япон улсын Канто бүс нутгийг чиглэн эрчтэй ойртож байгаа аж.
Үүнтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн Улаанбаатар–Токио–Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг цуцалж байгааг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-иас албан ёсоор мэдэгдлээ.
Нислэг цуцлагдсантай холбоотойгоор зорчигчдыг чирэгдүүлэхгүй байх дараах зохицуулалтыг хийж байна.
- Цуцалсан нислэгийн дугаар: Зургаадугаар сарын 3-ны өдрийн ОМ501 болон ОМ502 чиглэлийн нислэгүүд.
- Шилжүүлэн тээвэрлэлт: Дээрх нислэгийн зорчигчдыг маргааш буюу зургаадугаар сарын 4-ний өдрийн нислэгт хуваарийн дагуу шилжүүлэн тээвэрлэх ажлыг “МИАТ” ТӨХК-ийн зүгээс шуурхай зохион байгуулж байна.
Иймд тус чиглэлд зорчихоор тийз захиалсан иргэд нислэгийн дэлгэрэнгүй мэдээлэл болон цагийн өөрчлөлтийг агаарын тээврийн компанийн лавлах сувгуудаар тодруулж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.