Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны улсын төсөвтэй холбоотой шаардлагаа Засгийн газар, УИХ-д хүргүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр өмнө нь гаргасан шийдвэрийг төсөвт тусгахыг шаарджээ.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо өнгөрсөн наймдугаар сарын 17-нд хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоогийн 792 мянган төгрөгөөс 26.3 хувиар өсгөхөөр тохиролцсон байна. Мөн нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5900 төгрөг болгох шийдвэрийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тогтжээ.
Гэвч 2027 оны улсын төсвийн төсөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөгөөр хэвээр тооцсон нь өмнөх тохиролцоотой зөрчилдөж байгааг МҮЭХ онцолсон байна. Тус холбоо есдүгээр сарын 8-нд Засгийн газар, ГБХНХЯ болон УИХ-д шаардлага хүргүүлсэн ч одоогоор хариу аваагүй гэж мэдээлжээ.
Эрүүл мэндийн салбар ажил хаях асуудлыг хэлэлцэнэ
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 2026 онд нийт 75 хувиар өсгөхөөр тохирсон бөгөөд эхний 30 хувийн нэмэгдлийг нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн байна. Харин үлдсэн 45 хувийг наймдугаар сарын 1-нээс сар бүр 9 хувиар нэмэгдүүлэхээр тохирсон ч одоог хүртэл хэрэгжээгүй аж.
Монголын Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа:
“Тохиролцоогоо биелүүлэхгүй бол эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил хаях хүртэл арга хэмжээ авахад бэлэн” гэж мэдэгджээ.
Одоогоор 10 мянга орчим эмч, эмнэлгийн ажилтан ажил хаяхад бэлэн гэдгээ илэрхийлж гарын үсэг зурсан байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ажил хаях эсэх эцсийн шийдвэрийг гаргах аж.
Боловсролын салбарын хувьд 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс цалинг 26 хувиар нэмэгдүүлж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхээр тохиролцсон ч энэ нэмэгдэл 2027 оны төсвийн төсөлд тусгагдаагүй байна.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд шаардлагуудыг шийдвэрлэхгүй тохиолдолд хуульд заасан эрхийнхээ хүрээнд дараагийн шатны тэмцлийн арга хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгджээ