Ц.Идэрбат: Годронтой ямааны асуудлыг ТЕГ-аар шалгуулна

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ) ямааны годрон өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ХХААХҮЯ-ны сайд Ц.Идэрбат БНХАУ-аас хууль бусаар орж ирсэн байж болзошгүй годронтой ямааны асуудлыг Тагнуулын ерөнхий газраар (ТЕГ) шалгуулна гэдгээ мэдээлсэн.

“Монгол Улсад гаднаас эцэг мал импортолж оруулж ирэхэд тэр дотор “арвас” гэх үүлдэр байхгүй. Хилээр хууль бусаар оруулж ирсэн байх магадлал маш өндөр. Үүнийг мал эмнэлгийн хяналтад оруулах процесс огт хийгдээгүй явсан байна” гэж сайд хэлэв.

Түүний хэлснээр, “Саятан сүрэг”-ийнхэн Мал эмнэлгийн ерөнхий газрынханд хаашаа хэдэн ухна зарснаа ч бүрэн дүүрэн хэлж өгөхгүй байна.

Мөн зөрүүлээд годронгийн вакцин санал болгож байна гэсэн мэдээлэл ирж байгаа ч энэ мэдээлэл баталгаажаагүй тул эрх бүхий байгууллагаар шалгуулна гэв.

Малын гоц халдварт өвчин яг хаанаас гарч ирэв гэдэг нь мэдэгддэггүй гэж Ц.Идэрбат хэлэв. Жишээ нь шүлхий өвчин хаанаас гарав гэхээр зэрлэг амьтнаас л орж ирлээ гэдэг бол харин энэ удаагийн годрон бол хууль бус үйлдэл гэдэг нь тогтоогдож байна гэв.

Одоо годрон туссан ямаанаас дээжийг нь авч, вакцин үйлдвэрлэх процесс эхэлсэн. “Гэхдээ өнөө маргаашдаа вакцин хийхгүй, сар гаруйн хугацаа орно. Эрдэм шинжилгээний ажил учраас ном дүрмийнхээ дагуу явуулна” гэж сайд хэлэв.

Тэрбээр “Саятан сүрэг гэх компани үйл ажиллагаа явуулж байхдаа Мал эмнэлгийн ерөнхий газраас ямар ч зөвшөөрөл аваагүй гэдэг нь тодорхой болсон. Нууцаар оруулж ирдэг, нууцаар зардаг том толгойтой нөхдийг илрүүлье. Авлига авсан хүн байвал явдаг газар руугаа явна. Хариуцлага алдсан хүмүүс нөхөн төлбөрийг төлөх ажилд оролцох ёстой” гэлээ.

Малын гоц халдварт өвчин, тэр тусмаа үй олноор нь устгаад байгаа өвчний эх үүсвэр хаанаас гарсан гэдэг нь тодорхойгүй, хил орчмоос л гараад байдаг гэдгийг сайд дурдав. Гэтэл энэ удаад нутгийн гүнд гарч байгаа бөгөөд Улаанбаатар хотын хамар доор үүнийг зарж байхад Нийслэлийн мал эмнэлгийнхэн юу хийж байсан юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Энэ асуудлыг Эрүүгийн цагдаа, Тагнуулын ерөнхий газарт өгсөн гэв.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу