“Дэлхийн адууны өдөр”-т зориулсан онцгой бүтээл
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг манай улсад анх удаа тэмдэглэх гэж байна.
Дэлхийн 56 орны адууны соёлыг тээгчид оролцох энэхүү өдрийг угтан Монголын морин соёл, эв нэгдлийг илэрхийлэх өвөрмөц бүтээл урлах санаачилга гарчээ.
Тодруулбал, 19834 дэх биет бус өвлөн тээгч, урлаач Б.Тунгалаг 999 адууны дэл, сүүлээр зүү ороож оёх “Их нэгдэл” төслийг санаачилсан байна.
8х6 метрийн хэмжээтэй Их Монгол Улсын газрын зураг бүтээнэ
Урлаач Б.Тунгалаг монголчуудын эв нэгдэл болон адууны соёлыг олон улсад таниулах зорилгоор 8х6 метрийн хэмжээтэй томоохон бүтээл хийхээр ажиллаж байна.
Энэхүү бүтээл нь Эзэн Чингис хааны мориор хүрч эзэлсэн Их Монгол Улсын газрын зургийг дүрслэх бөгөөд түүн дээр төрийн сүлдийг адууны хялгасаар зээглэн урлаж байгаа аж.
Мөн сүлдэн дэх морины нүдийг молор чулуугаар урлаж эхэлсэн нь бүтээлийн уран хийц, бэлгэдлийн үнэ цэнийг улам тодотгож байна.
21 аймаг, 330 сумын малчдын адууны дэл, сүүлийг цуглуулна
“Iх нэгдэл” төслийн хүрээнд Монголын 21 аймаг, 330 сумын малчдаас 999 адууны дэл, сүүл цуглуулах ажил эхэлжээ.
Зөвхөн адууны хялгас бус, тухайн айлын адууны тамганы дүрсийг мөн хамтад нь бүртгэн цуглуулж байгаа нь уг бүтээлийг Монголын адуучин, малчин айл өрхүүдийн нэгдлийн илэрхийлэл болгох зорилготой аж.
Ингэснээр бүтээл нь нэг хүний урлал төдий бус, олон нутаг, олон сум, олон адуучны өв соёлыг нэгтгэсэн бэлгэдлийн чанартай болох юм.
333 өвлөн уламжлагч оролцохоор төлөвлөжээ
Урлаач Б.Тунгалаг 999 тамгыг 999 адууны дэл, сүүлээр зүү ороож урлахдаа 333 өвлөн уламжлагчид энэ арга барилыг зааж, хамтран бүтээл хийхээр төлөвлөсөн байна.
Энэ нь зөвхөн нэг бүтээл урлах явц бус, зүү ороох уламжлалт ур чадварыг дараагийн хүмүүст өвлүүлэх, биет бус өвийн залгамж чанарыг хадгалах ач холбогдолтой юм.
Мөн 21 аймаг, 330 сумын малчид, адуучид, уяачдын тамганы төлөөллийг бүтээлдээ оруулах аж.
ЮНЕСКО-д бүртгүүлэхээр зэхэж байна
Урлаач Б.Тунгалаг энэхүү давтагдашгүй соёлын өв бүтээлээ ЮНЕСКО-д бүртгүүлэхээр бэлтгэж байгаа юм байна.
999 адууны дэл, сүүл, 999 тамга, 333 өвлөн уламжлагч, 21 аймаг, 330 сумын оролцоог нэгтгэсэн энэ төсөл нь Монголын адууны соёл, урлахуйн уламжлал, эв нэгдлийн бэлгэдлийг дэлхийд таниулах зорилготой.
“Дэлхийн адууны өдөр”-ийг угтан хэрэгжиж буй уг санаачилга Монголын морин соёлыг олон улсын түвшинд илүү өргөн хүрээнд сурталчлах нэгэн онцгой алхам болох төлөвтэй байна.