Киришимагийн ёкозүна болох мөрөөдөл энэ башёд талаар боллоо

Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башё 12 дахь өдрөө өндөрлүүлээд байна. Монгол бөхчүүдээс зарим нь качигоши хийхэд тун ойртсон бол озэки Киришима Б.Лхагвасүрэнгийн ёкозүна цолны болзол биелүүлэх боломж энэ удаад үндсэндээ хаагджээ.

12 дахь өдрийн барилдаанд макүүчи зиндаанд анх удаа дэвшсэн дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц болон дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ, улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамьянтогтох нар хоорондоо таарч барилдсан байна.

Энэ барилдаанд Асахакүрюү давснаар хоёр монгол бөх хоёулаа 7 даваа, 5 унаатай болжээ. Башёгийн үлдсэн гурван өдрийн барилдаанаас нэг л давахад тэд качигоши буюу 50-иас дээш хувийн амжилттай башёгоо дуусгах боломжтой.

Тамаваши 8 дахь даваагаа авлаа

Мэргэжлийн сумогийн хамгийн ахмад бөхчүүдийн нэг Тамаваши Б.Мөнх-Оргил 12 дахь өдөр найм дахь ялалтаа байгуулж, качигоши хийсэн байна.

Ингэснээр тэрбээр макүүчи зиндаанд эргэн дэвших боломжоо хадгалж үлдлээ.

Харин энэ башёгоос мэргэжлийн сумогийн замналаа эхлүүлсэн Жёошёоюү А.Сосорхүү жонокүчи зиндаанд 6:0 амжилттай, зиндаагаа тэргүүлж байна.

Киришимагийн ёкозүнагийн боломж дуусав

Башёгийн өмнө ёкозүна цолны болзол сонсоод байсан озэки Киришима Б.Лхагвасүрэн 12 өдрийн дараах байдлаар 6 даваа, 6 унаатай явна.

Ингэснээр түүний энэ башёгоор ёкозүна цол руу ойртох төлөвлөгөө бүтэхгүй болсон байна. Одоо үлдсэн гурван өдрийн хоёрт нь заавал давж байж качигоши хийх шаардлагатай болжээ.

Киришима өнөөдөр башёг тэргүүлж буй Японы ёкозүна Оносатотой барилдахаар оноолт таарсан байна.

Оносато 11 даваатай ганцаараа тэргүүлж байна

Энэ удаагийн банцүкэд Монголын 24 бөхийн нэр багтсан ч 20 нь таван өөр зиндаанд барилдаж, башёгоо үргэлжлүүлж байгаа аж.

12 өдрийн дараах байдлаар ёкозүна Оносато 11 даваатай ганцаараа тэргүүлж байна. Түүний араас озэки Аонишики, сэкивакэ Фүжиновака, экс озэки Асанояма нар тус бүр 9 даваатай нэхэж явна.

Монгол бөхчүүдийн амжилт:

  1. Макүүчи зиндаа
  • Озэки Киришима Б.Лхагвасүрэн — 6:6
  • М-5 Оошома П.Дэлгэрбаяр — 6:6
  • М-12 Асахакүрюү Р.Жамьянтогтох — 7:5
  • М-14 Чиёошома Г.Мөнхсайхан — 4:8
  • М-16 Тошинофүжи Ө.Дэмиджамц — 7:5
  1. Жюүрёо зиндаа
  • Дэванорюү Т.Тэмүүлэн — 7:5
  • Кёкүкайюү Ш.Далайбаатар — 6:6
  • Тамаваши Б.Мөнх-Оргил — 8:4
  • Онокацү Б.Чойжилсүрэн — 6:6
  • Тамашохо Э.Энхманлай — 5:7
  1. Макүшита зиндаа
  • Асахифүжи Б.Очирсайхан — 6:1
  • Тэншёояма Г.Отгонбат — 6:1
  • Хокүтэнкай Г.Сүхбат — 2:4
  • Тацүбаяма М.Буянтогтох — 4:2
  • Тэнросэй С.Лувсангомбо — 3:3
  • Саданохикари Д.Наранцогт — 2:4
  1. Санданмэ зиндаа
  • Хакүгэцүро А.Сүхбат — 4:2
  1. Жонокүчи зиндаа
  • Жёошёоюү А.Сосорхүү — 6:0
  • Хокүто М.Хүсэлбаатар — 5:1

Башёгийн төгсгөлийн гурван өдөрт Тошинофүжи, Асахакүрюү, Дэванорюү болон бусад монгол бөхчүүдийн качигоши хийх эсэх шийдэгдэх бол Киришимагийн хувьд үлдсэн барилдаанууд нэр хүнд, чансаагаа хадгалах чухал тулаан болох нь.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу