16 настай охины хэрэгт шинэ эргэлт гарлаа: Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэр хүчингүй болов

16 настай охины амь насыг онц хэрцгийгээр хохироосон хэрэг Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүхээр хоёр өдөр хэлэлцэгдэж, өмнөх хоёр шатны шүүхийн зарим шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хяналтын шатны шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгож, тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Харин Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээж, Э.Ган-Эрдэнэд холбогдох цагаатгах шийдвэрийг өөрчлөөгүй байна.

Э.Номин-Эрдэнийн үйлдэлд өөр зүйлчлэлээр дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв

Прокуророос Э.Номин-Эрдэнийг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж ялласан ч анхан болон давж заалдах шатны шүүх түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байжээ.

Харин Дээд шүүх уг шийдвэр нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй, хэрэглэх ёстой хуулийг бүрэн хэрэглээгүй гэж дүгнэсэн байна.

Тодруулбал Э.Номин-Эрдэнийн үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхийг өмнөх шатны шүүхүүд дүгнээгүй орхисон гэж үзжээ.

Хяналтын шатны шүүх энэ асуудалд өөрөө нөхөн дүгнэлт хийх боломжгүй тул Э.Номин-Эрдэнэд холбогдох өмнөх шийдвэрийн заалтуудыг хүчингүй болгосон байна.

Х.Энхсайханд холбогдох хэрэгт нотлох баримтыг буруу үнэлсэн гэжээ

Х.Энхсайханд холбогдох хэсэгт мөн өмнөх хоёр шатны шүүх хууль хэрэглээ болон нотлох баримтын үнэлгээнд алдаа гаргасан гэж Хяналтын шатны шүүх үзсэн байна.

Прокурор түүнийг 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүхүүд үйл баримтыг буруу тогтоож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэжээ.

Иймээс Х.Энхсайханд холбогдох шийтгэх тогтоол болон давж заалдах шатны магадлалын холбогдох заалтуудыг хүчингүй болгосон байна.

Ц.Дагвадоржийн бүх насаар хорих ял хэвээр үлдэв

Шүүх хуралдаан даргалагч, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ шийдвэрийг тайлбарлахдаа:

“Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Ц.Дагвадоржийн үйлдсэн онц харгис хэрцгий аргаар өөрт эдийн ашигтай байдал бий болгох, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алсан гэм буруутай, 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардсан, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэрэг үйлдсэн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангасан байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэж хүндрүүлэх хэлбэрээр зүйлчилж ирүүлснийг өөрчилж, энгийн бүрэлдэхүүнтэй болгох нь зүйтэй гэж Хяналтын шатны шүүх үзлээ.

Хоёр шатны шүүх шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдалтай тохирсон. Иймд Э.Ган-Эрдэнэд холбогдох шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Харин Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял тогтоож шийдвэрлэлээ.

Цагаатгагдсан этгээд Э.Номин-Эрдэнийн тухайд прокуророос түүнийг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж зүйлчилж ирүүлснийг хоёр шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж Хяналтын шатны шүүх үзлээ. Иймд Э.Номин-Эрдэнийн гэмт үйлдэлд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд зааснаар “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” буюу эс үйлдэхүй нь тухайн гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь буруу байна. Хяналтын шатны шүүх энэ талаар нөхөн дүгнэлт хийх боломжгүй учраас Э.Номин-Эрдэнэд холбогдох тогтоолын заалтуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Мөн Х.Энхсайханд холбогдох хэрэгт хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын болон хуульзүйн алдаатай дүгнэлт хийсэн байна. Прокуророос 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад үйл баримтыг буруу тогтоож, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас Х.Энхсайханд холбогдох шийтгэх тогтоол болон магадлалын заалтуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ нарт холбогдох заалтыг хүчингүй болгосон тул хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авч байна” гэлээ.

Ийнхүү Хяналтын шатны шүүх хэрэгт холбогдсон хүмүүсийн талаар өмнө гаргасан шийдвэрүүдийг бүхэлд нь хэвээр үлдээгүй бөгөөд Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэсгийг дахин хууль зүйн үндэслэлтэйгээр авч үзэх нөхцөл бүрдэв.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу