Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат, 35 настай малчин эр рүү өнөө өглөө 08:00 цагийн орчимд баавгай дайрч, олон хэсэгт нь шарх учруулсан байна.
Тухайн иргэний толгойн орой хэсэгт 2-3 удаагийн хазуулсан ил шарх, гарын бугалга болон нуруу орчимд баавгайн хумс гүн орсон шарх илэрчээ. Мөн халдлагын дараа цочролын байдалтай байсан байна.
Тугалын дуугаар гэрээсээ гарчээ
Малчин эр тугал мөөрөх чимээ сонсоод гэрээсээ гарч, ойролцоогоор 150-200 метрийн зайд мотоциклоор очсон байна.
Түүнийг очих үед баавгай тугалыг барьсан байдалтай байсан бөгөөд удалгүй малчин руу дайрчээ.
Халдлагын дараа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эрүүл мэндийн төвийн эмч нар иргэний амин үзүүлэлтүүдийг шалгаж, анхны тусламж үзүүлсэн байна.
Түүнд өвдөлт намдаах болон цус тогтоох эмчилгээ хийсний дараа Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэн, цаашдын эмчилгээ, хяналтад шилжүүлжээ.
Баавгайтай ойр зайд тулгарсан тохиолдолд амьтанд дөхөхгүй байх, үргээх болон хөөх оролдлого хийхгүй байх нь аюулгүй байдлын үндсэн арга хэмжээний нэг юм.