Монгол гаралтай жүжигчин, загвар өмсөгч С.Хүслэн АНУ-ын Флорида мужийн Майами-Дэйд тойрогт хүний амь хөнөөхийг завдсан гэх болон мансууруулах бодистой холбоотой хэд хэдэн хэрэгт шалгагдаж байна.
Цагдаагийн тайланд дурдсанаар хэрэг аравдугаар сарын 12-ны үүрээр гарчээ. “Uber Eats”-ийн хоол хүргэлтийн жолооч захиалга хүргэх үеэрээ нэгэн эмэгтэйтэй ярилцсан бөгөөд хэсэг хугацааны дараа түүний утасны дугаарыг авахаар тухайн газар дахин ирсэн байна.
Энэ үед тухайн эмэгтэйн найз залуу гэх 33 настай С.Хүслэн жолоочийг буугаар сүрдүүлж, газар хэвтэхийг шаардсан гэж мөрдөн шалгах баримтад дурджээ.
Удалгүй буу дуугарч, сум жолоочийн өгзөгний баруун хэсгийг шүргэсэн байна. Мөн С.Хүслэн гар бууныхаа бөгсөөр жолоочийн толгойн ар хэсэгт цохисон гэх мэдээлэл цагдаагийн тайланд багтжээ.
Хохирогч хэргийн газраас зугтаж чадсан бөгөөд дараа нь эмнэлгийн тусламж авсан байна.
Гэрээс нь олон төрлийн бодис, бэлэн мөнгө илрүүлсэн гэжээ
Хэрэг гарсны дараа цагдаа нар С.Хүслэнг баривчилж, түүний оршин суудаг газарт нэгжлэг хийсэн байна.
Нэгжлэгийн үеэр кокаин, MDMA, кетамин, марихуан, псилоцибин агуулсан мөөг болон жороор олгодог зарим төрлийн эм илрүүлсэн гэж мэдээлжээ.
Үүнээс гадна 11 мянга гаруй ам.долларын бэлэн мөнгө олдсон бөгөөд мансууруулах бодисыг хэмжих, савлахад ашигласан байж болзошгүй тусгай өрөө байсан гэх мэдээлэл мөн гарсан байна.
Эдгээр олдворыг үндэслэн С.Хүслэнд хүний амь хөнөөхийг завдсан, аюултай зэвсэг ашигласан болон мансууруулах бодистой холбоотой хэд хэдэн зүйл ангиар ял тулгажээ.
Шүүх түүний барьцаагаар суллуулах хүсэлтийг зөвшөөрөөгүй тул одоогоор цагдан хоригдож байгаа аж.
Гэхдээ дээрх хэргүүд нь мөрдөн шалгах байгууллагын тавьсан буруутгал бөгөөд С.Хүслэнгийн гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй байна.
Монголын үзэгчдэд “Single Ladies-4”-өөр танил
С.Хүслэн Дархан-Уул аймагт төрсөн бөгөөд найман настайдаа АНУ-д очжээ. Тэрбээр тус улсад загвар өмсөгчөөр ажиллаж, улмаар кино урлагийн салбарт мөн хүч үзсэн байна.
Монголын үзэгчид түүнийг 2020 онд гарсан “Single Ladies-4: Төгсгөл ба эхлэл” уран сайхны киноны гол дүрүүдийн нэгээр нь илүү сайн мэддэг.
Одоогоор түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд дараагийн шатны шүүхийн ажиллагаагаар буруутгалуудын үндэслэл, нотлох баримтуудыг хэлэлцэх юм.