УИХ-аас Ерөнхий сайдад итгэл үзүүлэх боломжгүй гэж үзэн шийдвэрлэснээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон гэж тооцогдоод буй. Энэ үйл явдалтай холбоотойгоор дараагийн Ерөнхий сайдаар хэн томилогдох талаар олон нийт, хэвлэл мэдээллийн хүрээнд таамаг дэвшүүлж эхэлсэн бөгөөд нэр яригдаж буй хүмүүсийн дунд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарын нэр ч дурдагдаж байна.
Түүнээс Ерөнхий сайдын суудалд нэр дэвших эсэх талаар тодруулахад дараах тайлбарыг өгсөн юм.
“Ерөнхий сайд огцроод, үүрэг гүйцэтгэгчийн статустай болсон гэж ойлгож байгаа. Намын Бага хурал энэ амралтын өдрүүдэд эсвэл ирэх долоо хоногт хуралдаж, дараагийн Ерөнхий сайдыг тодруулах үйл явц өрнөх байх. Би бол хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах үндсэн зорилттойгоор ажиллаж байна. Мөн НИТХ-ын сонгуульд багаа ахалж оролцсон, хэрэгжүүлэх ажлууд олон байна.”
Сүүлийн үед түүнийг пиджак өмссөнтэй нь холбон улс төрийн өндөр албан тушаалд санаархаж буй мэт ойлголт нийгэмд үүсээд байгаа. Энэ талаар тэрбээр ийн хариуллаа:
“Өчигдөр пиджак өмссөн байсан нь буруу ойлголт төрүүлсэн бололтой. Төрсөн өдөрт уригдсан байсан болохоор саарал хувцастай явах эвгүй санагдаад л сольсон хэрэг. Гэтэл даргын суудалд санаархаж байна гэх яриа гарсан. Тиймээс өнөөдөр пиджакаа сольчихлоо.”
“Би өмнөх ажлаа л үргэлжлүүлж байна. Одоо Яармаг руу ажилдаа явж байна.” хэмээн мэдэгджээ.