Хятадад 14 настай нэгэн сурагч хүү гэрийн нөхцөлд онгоцны хөдөлгүүр угсарч чадсан нь олны анхаарлыг татаж байна. Че Жинган гэх энэ хүү багаасаа нисэх онгоцонд онцгой дуртай байсан бөгөөд түүний сонирхол цэцэрлэгийн наснаас нь эхэлжээ.
Багаасаа онгоц сонирхож, шинжлэх ухаанд гүн татагдсан байна
Эхэндээ тэр цаасаар онгоц урлаж, янз бүрээр туршиж үздэг байсан бол нас ахих тусам сонирхол нь улам гүнзгийрсэн байна. Хүүгийн эцэг эхийн ярьснаар, Че Жинган хожим нь аэродинамик болон үүнтэй холбоотой шинжлэх ухааны ном, сэтгүүл уншихад олон цаг зарцуулдаг болжээ.
Ингэж хуримтлуулсан мэдлэгээ зөвхөн онолын түвшинд үлдээхийг хүсээгүй тэрбээр бодитоор туршиж үзэхээр шийдэж, өөрийн тийрэлтэт хөдөлгүүрийг бүтээх зорилго тавьсан байна.
Бэлэн загвар хуулбарлалгүй, бүгдийг өөрөө тооцоолжээ
Түүний ажлын хамгийн онцлох тал нь бэлэн зураг төсөл дуурайгаагүй явдал байв. Че бүх зүйлийг эхнээс нь өөрөө зурж, 2D болон 3D загваруудаа бие даан боловсруулсан байна. Мөн агаарын урсгал, температур, даралт зэрэг чухал үзүүлэлтүүдийг хүртэл өөрөө тооцоолж сурчээ.
Энэ бүх үйл явцаа тэр нийгмийн сүлжээнд тогтмол хуваалцдаг байсан бөгөөд тэндээсээ ч тодорхой дэмжлэг авч эхэлсэн байна. Зарим мэргэжлийн хэрэглэгч түүнд зөвлөгөө өгч, зарим нь шаардлагатай эд ангийг нь 3D хэвлэгчээр хэвлэж тусалжээ.
Анхны оролдлого бүтэлгүйтсэн ч шантраагүй
Хагас жилийн турш ажилласны дараа Че тийрэлтэт хөдөлгүүрийнхөө анхны загварыг бүтээж чадсан ч туршилт нь бүрэн амжилттай болоогүй байна. Түлштэй холбоотой асуудал гарсны улмаас түүний анхны оролдлого бүтэлгүйтжээ.
Гэсэн ч энэ нь түүнийг бууж өгөхөд хүргээгүй байна. Харин ч эсрэгээрээ загвараа улам сайжруулах урам өгсөн бөгөөд тэр одоо хөдөлгүүрээ илүү боловсронгуй болгохоор үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж. Чегийн хувьд анхны алдаа нь бүтэлгүйтэл биш, харин дараагийн шатанд суралцах том боломж болсон байна.