Өмнөд Солонгос улс 180 км хүртэл өндөрт баллистик пуужинг илрүүлж, сөнөөх чадалтай шинэ үеийн пуужингийн эсрэг хамгаалалтын L-SAM-II системийн хөгжүүлэлтийг албан ёсоор эхлүүллээ. Зургадугаар сарын 10-нд тус улсын Батлан хамгаалахын хөгжлийн агентлаг (ADD) болон Hanwha Aerospace компани хооронд 198.6 тэрбум вон буюу 145.5 сая ам.долларын гэрээ байгуулсан байна. Энэхүү төслийг 2028 он гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд хөгжүүлэлтийн хүрээнд технологийн нэвтрүүлэлт, прототип боловсруулах, хөөргөлтийн туршилт хийх зэрэг ажлууд багтаж байна.
L-SAM-II систем нь үндэсний KAMD (Korea Air and Missile Defense) олон давхаргат агаарын болон пуужингийн эсрэг хамгаалалтын эцсийн түвшний бүрэлдэхүүн хэсэг болох юм. Энэ нь 40-60 км өндөрт, 150 км радиуст үйлчлэх чадвартай, цуврал үйлдвэрлэлд бэлэн болсон анхны L-SAM системийн сайжруулсан хувилбар юм. L-SAM-II нь өмнөх загварын туршлага дээр үндэслэн илүү өргөн хүрээтэй, хариу арга хэмжээ авах хурдтай шинэ хамгаалалтын түвшинг бүрдүүлэх болно.
Шинэ систем нь 180 км хүртэлх өндөрт буюу АНУ-ын THAAD системийн түвшинд хүрэхүйц хэмжээнд ажиллагаа явуулах чадвартай бөгөөд ингэснээр пуужинг агаар мандалд орж ирэхээс өмнө илрүүлэн устгах боломжийг бүрдүүлж, хариу арга хэмжээ авах илүү урт хугацааг хангах юм. L-SAM-II систем нь одоогийн хамрах хүрээнээс 3-4 дахин том талбайг хамарч, стратегийн чухал обьект, хүн ам ихтэй бүсүүдийг хамгаалах хүчин чадалтай.
Тус системийн гол технологи нь DACS буюу нислэгийн явц дахь чиглэл, байршлыг хянах хөдөлгүүрийн систем бөгөөд энэ нь агаарт маневр хийхэд агаарын эсэргүүцэл бараг байхгүй нөхцөлд 10 бичил хөдөлгүүрээр удирддаг. Мөн өндөр нарийвчлал бүхий пуужингийн хөдөлгүүртэй бөгөөд эдгээр технологи нь өнөөгийн байдлаар зөвхөн АНУ, Өмнөд Солонгос зэрэг цөөн тооны улсад нэвтрээд байна.
L-SAM-II систем нь KM-SAM, Patriot PAC-3 зэрэг дунд болон доод түвшний хамгаалалтын системүүдтэй хамтран ажиллаж, THAAD системтэй уялдаатайгаар үндэсний хамгаалалтыг бүрэн бүтцээр хангах юм. Hanwha Aerospace компани уг системийг олон улсын зах зээлд гаргах боломжийг ч судалж байгаа бөгөөд дэлхий дахинд өндөр үр дүнтэй агаарын хамгаалалтын хэрэгцээ нэмэгдэж буй энэ үед экспортын ирээдүй ихээхэн ирмүүн байгаа аж.