Лхагва гарагт АНУ-ын Миссисипи мужийн Парчмэн дахь шоронд 79 настай Ричард Жордан гэх хоригдлыг цаазаар авчээ. Тэрээр 1976 онд нэгэн банкны захирлын эхнэрийг хөнөөсөн хэргээр үхлийн ял авч, 50 орчим жил хоригдсон юм. Энэ нь АНУ-ын түүхэнд үхлийн ялыг хамгийн удаан хугацаанд хүлээсэн болон хамгийн өндөр настай цаазлагдсан ялтан болж үлдлээ.
Жордан тухайн үед усан онгоцны үйлдвэрт ажилладаг байжээ. Тэрээр Эдвина Мартер гэгч эмэгтэйг гэрээс нь хулгайлан авч гарч, нөхрөөс нь 25,000 ам.долларын барьцаа шаардсан байна. Гэвч барьцааны мөнгийг авахаар ирэхдээ баривчлагджээ. Тэрээр хэрэг үйлдсэнээ шууд хүлээн зөвшөөрч, амийг нь хөнөөсөн эмэгтэйн цогцсыг ойд нуусан байсныг цагдаа нарт зааж өгсөн байна.
Жордан эмэгтэйг буудаж амийг нь хөнөөсөн бөгөөд цаазын ажиллагаа орон нутгийн цагаар 18:00 цагт эхэлж, 18:16 минутанд амьсгал хураасан гэж албаныхан мэдээлсэн байна.
Сүүлчийн үг хэлэх боломжоор тэрээр “Юуны өмнө үүнийг хүнлэг аргаар гүйцэтгэхээр шийдсэн бүх хүмүүст талархал илэрхийлье. Мөн хохирогчийн ар гэрийнхнээс уучлал хүсэж байна” хэмээн хэлжээ. Мөн өмгөөлөгч, эхнэртээ баяр илэрхийлж, “Би нөгөө ертөнцөд та нартай уулзана” гэсэн нь түүний сүүлчийн үг болсон байна.
Энэ долоо хоногт АНУ даяар хоёр цаазын ял гүйцэтгэсэнээс нэг нь Ричард Жордан байсан бол нөгөө нь Флорида мужид хийгдсэн юм. Тодруулбал, мягмар гарагт 51 настай Томас Гудинас гэх ялтанг Орландо хотод 1995 онд Мишел Макгратын амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан цаазалжээ. Макгратын цогцосыг баараас гарсны дараахан маргааш нь олсон байна.
Энэ он гарсаар АНУ-ын Флорида мужид нийт долоон цаазын ял гүйцэтгэгдээд байгаа нь улсын хэмжээнд хамгийн өндөр тоо болж байна. Харин Миссисипи мужид энэ нь 2022 оны арванхоёрдугаар сараас хойших анхны цаазын гүйцэтгэл боллоо.
2025 онд АНУ нийт 25 цаазын ял гүйцэтгэсэн бөгөөд эдгээрийн 20-д нь үхлийн тариа, хоёрт нь буудах, гуравт нь азотын хий ашиглаж амь хөнөөсөн байна. Азотын аргыг хэрэгжүүлэхдээ ялтны нүүрэнд тусгай баг зүүж, хий шахдаг бөгөөд энэ арга нь НҮБ-ын шинжээчдийн зүгээс “хүнлэг бус, харгис” гэж шүүмжлэгдсээр байна.
АНУ-ын нийт 50 мужаас 23 нь цаазын ялыг бүрэн халсан. Харин Калифорни, Орегон, Пенсильвани мужуудад түр түдгэлзүүлсэн хэвээр байна.
АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трамп цаазын ялын идэвхтэй дэмжигч бөгөөд ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан “хамгийн харгис гэмт хэргүүдэд хатуу шийтгэл оноох ёстой” гэж мэдэгдэн, цаазын ялыг өргөн хүрээнд хэрэгжүүлэхийг уриалж байсан юм.