Улаанбаатар хотод хамгийн сүүлд 1983 онд Дулааны IV цахилгаан станц, 2015 онд Амгалангийн дулааны станц ашиглалтад орж байсан. Үүнээс хойш 42 жилийн турш шинэ ТЭЦ баригдаагүй бөгөөд эрчим хүчний ноцтой дутагдлыг шийдэхийн тулд нийслэлийн 24 мега төслүүдийн дунд ТЭЦ-5 болон “Тархмал эх үүсвэр” төслийг багтаасан байна.
ТЭЦ-5 төслийн явц
340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ төсөл нь эрэмбэлсэн жагсаалтад багтаж, эхний оролцогчтой гэрээний хэлэлцээр үргэлжилж байгаа аж.
“Тархмал эх үүсвэр” төсөл
Улаанбаатар хотын шинэ орон сууцжуулах төслүүдтэй уялдуулан есөн байршилд хэрэгжих “Тархмал эх үүсвэр” төсөлд хийн эх үүсвэртэй дөрвөн дулааны станц баригдана. Одоогоор техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил үргэлжилж байна.
Хэрэгжиж буй таван гол төсөл
Ирэх онд дараах таван дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт үргэлжилнэ:
- ТЭЦ-5 – 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай.
- Дэнжийн 1000 (Ногоон нуур орчим) – 93 МВт-ын хийн дулааны станц, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Энэ онд олон улсын тендер зарлагдах төлөвтэй.
- Дамбадаржаагийн дулааны цахилгаан станц – 63 МВт хүчин чадалтай бөгөөд барилга угсралтын ажил нь одоогоор 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
- Хан Хиллс орчмын дулааны цахилгаан станц – 110 МВт хүчин чадалтай.
- Эмээлтийн дулааны цахилгаан станц – үйлдвэрлэлийн бүсийн дулаан, эрчим хүчний хэрэглээг хангана.
Эдгээр төслүүд хэрэгжсэнээр нийслэлийн эрчим хүчний найдвартай байдлыг дээшлүүлэхээс гадна хотын хөгжилд стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна.