АНУ-ын Ерөнхийлөгч НҮБ-д болсон хэд хэдэн техникийн саатлыг нэгэн зэрэг шалгуулахаар болжээ
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп НҮБ-ын төв байранд айлчлах үеэр нь гарсан техникийн доголдлуудыг “санамсаргүй тохиолдол биш, харин хорлон сүйтгэх ажиллагаа” байж болзошгүй гэж үзэж, шалгуулахаар болсноо зарлалаа.
Тодруулбал, өнгөрсөн өдөр Трамп гэргий Меланиагийн хамт НҮБ-д хүрэлцэн ирэх үед урсдаг шат гэнэт зогсож, хос хоёр тэнцвэрээ алдаж багагүй хүндрэлд оржээ. Энэ явдлаас хэдхэн цагийн дараа Трамп НҮБ-ын индэр дээр үг хэлэх үеэр телепромптер нь харанхуйлж, аудио систем нь доголдсон байна.
Эдгээр асуудлын дараа Трамп өөрийн сошиал хуудсандаа “Нэг биш, хоёр биш, бүр гурван аймшигтай үйл явдал!” хэмээн бичиж, энэхүү давхцалд сэжиг төрж байгаагаа илэрхийлжээ.
НҮБ тайлбар хийж, Цагаан ордныг хариуцлагатай холбон дурдав
НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик болсон үйл явдлуудын талаар тайлбар өгөхдөө, урсдаг шат гацсан нь хамгаалалтын автомат механизм ажилласантай холбоотой гэж мэдэгдсэн байна. Тэрбээр мөн зураглаач Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай хоёрын бичлэгийг хийх явцдаа ухарч гишгэсэн нь төхөөрөмжийг идэвхжүүлсэн байж болохыг дурджээ.
Телепромптер болон аудио системд гарсан доголдлын тухайд НҮБ “энэ төхөөрөмжүүдийг Цагаан ордон л бэлтгэж, хариуцаж ирсэн” хэмээн хариуцлагаас татгалзсан байна.
Гэвч Трамп эдгээр тайлбарыг хангалтгүй гэж үзэж, болсон үйл явдлуудыг “гуравласан хорлон сүйтгэх ажиллагаа” гэж нэрлэн, өөрийн аюулгүй байдлын албаар шалгуулахаар болсон байна. Тэрбээр мөн НҮБ-ын удирдлагуудад хандан хяналтын камерын бүх бичлэгийг устгахгүй байхыг хүссэнээ мэдэгдсэн.
Трамп: Үг хэлэх эрх чөлөөнд халдсан явдал
Телепромптер харанхуйлж, аудио систем тасалдсан нь Трампын хэлсэн үгийн чухал хэсгүүдийг НҮБ-ын индэрт хүрэлцэн ирсэн дэлхийн удирдагчдад бүрэн дамжуулж чадаагүйг тэрбээр онцолсон. Үүнийг Трамп “үгийн эрх чөлөөнд халдсан” үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Энэхүү мэдэгдэл нь Трампын зүгээс алдаатай ажиллагаа болгон дээр сэжиг аван хандаж буйг харуулж байгаа бөгөөд түүний дэмжигчдийн дунд ч анхаарал татах сэдэв болоод байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Трампын энэхүү гомдол, шаардлага нь ирэх сонгуулийн өмнөх улс төрийн идэвхжилтэй уялдаж байж магадгүй юм.