-4.9 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 12, 2025

С.Цэнгүүн: “Хүүхдийн мөнгийг больё” гээд хэлчих зоригтой хүн байхгүй, ₮1 их наяд зүгээр л хэрэглээний зардал болоод гарч байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2026 оны улсын төсвийн төслийг хэлэлцэх үеэр Ардчилсан намын гишүүн С.Цэнгүүн хүүхдийн мөнгө болон төрийн татаас, хөнгөлөлттэй зээлийн бодлогын талаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлжээ.

“Хүүхдийн мөнгө — хэрэглээний зардал болж хувирсан”

С.Цэнгүүний хэлснээр хүүхдийн мөнгө нэрийн дор жил бүр ₮1 их наяд төгрөг төсвөөс гарч байгаа нь үр өгөөж багатай хэрэглээний зардал болж хувирсан байна.

“Хүүхдийн мөнгийг больё гээд хэлчих зоригтой хүн байдаггүй. Нэг их наяд төгрөг зүгээр л хэрэглээний зардал болоод гарч байгаа. Иргэдэд сайхан харагдаж байгаа ч бодит байдал дээр дэлгүүр ороход 100 мянгаар юу ч авч чадахгүй байна. Хиймэл мөнгө тарааж, инфляцыг хөөргөж байна,” хэмээн тэр онцоллоо.

“Ипотек, татаас, хөнгөлөлттэй зээл — бүгд хиймэл эдийн засгийн үзэгдэл”

Гишүүнийн хэлснээр төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээл, хүүгийн татаас, хөнгөлөлттэй зээлийн бодлого нь сонгуулийн шинжтэй, хиймэл эдийн засаг бий болгож байгаа гэнэ.

“Ипотекийн 6 хувь гэдэг ч бодит хүүний зөрүүг татвар төлөгчид төлдөг. Энэ нь хиймэл хомсдол, төрийн албан хаагчдын дунд танил талын давуу байдал бий болгож байна. Төрийн нэрийн дор эрх мэдэл хуваарилалт үргэлжилж байгаа нь эдийн засгийг сулруулж байна,” гэж тэр шүүмжилжээ.

“Эдийн засгийн мэргэжилтнүүд зориг гаргах ёстой”

С.Цэнгүүн мөн Сангийн яам болон эдийн засгийн бодлого хариуцдаг албан тушаалтнуудад хандан дараах байр суурийг илэрхийлэв:

“Та бүхэн мэргэжлийн хүмүүсийн хувьд ойлгож байгаа мөртлөө энд орж ирэхээрээ дуугүй болдог. Албан тушаалдаа зууралдах биш, Монгол Улсад бодит өөрчлөлт хийх зориг гаргаач. Төрд байгаа хүмүүс үнэнийг хэлж, бодит реформ хийх цаг болсон.”

Тэрбээр улс орны эдийн засаг “хэт халамж, татаас”-д тулгуурласан хэвээр байвал Монгол Улс Венесуэлийн замаар орох эрсдэлтэй гэж анхааруулсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here