Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлыг хэлэлцлээ.
Хязгаарлалт цуцалж, нөөц бүрдүүлэх арга хэмжээ авна
Хуралдаанаар шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв. Мөн өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хот дахь шатахуун түгээх станцуудын хэрэглэгчдэд тавьсан шатахууны олголтын хязгаарлалтыг цуцлах шийдвэр гарсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.
Нөөц, нийлүүлэлтийн мэдээлэл
Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар нийт 86 вагон шатахуун улсын хэмжээнд байршиж байна. Үүнд:
- Толгойт өртөөнд – 16 вагон
- Аршаант өртөөнд – 6 вагон
- Улаанбаатар өртөөнд – 5 вагон
- Дархан өртөөнд – 10 вагон
- Сайншанд өртөөнд – 5 вагон
- Эрдэнэт өртөөнд – 10 вагон
- Сүхбаатар өртөөнд – 34 вагон тус тус байна.
Агуулахын болон түгээлтийн хэмжээ
Улаанбаатар хот дахь томоохон шатахуун импортлогч компанийн агуулахуудад АИ-92 автобензиний 2,824 тонн нөөц байгаагаас гадна 30 вагон буюу 1,800 тонн шатахуун буужээ.
Эдгээрээс 115 шатахуун түгээх станц руу 1,169 тонн, орон нутгийн станцууд руу 592 тонн шатахуун ачсан байна.
Энэхүү шийдвэр нь шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах, хэрэглэгчдийн хомсдлын дарамтыг арилгах зорилготой гэж Засгийн газраас мэдээлэв.






Сайн мэдээ байна, одоо арай амар болох нь