Ухаалаг угаар мэдрэгчийн хяналтыг чангатгана
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллах үеэр угаарын хий мэдрэгчтэй холбоотой анхааруулга өгч, шинэ журам хэрэгжүүлэх талаар мэдэгдлээ.
Түүний хэлснээр, угаар мэдрэгчээ унтраасан айл өрхүүдэд 2025 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш түлш борлуулахгүй бөгөөд зөвхөн мэдрэгчээ асаасан, идэвхтэй ажиллуулж буй өрхүүд түлш авах эрхтэй байх юм.
Угаар мэдрэгчийн системийн ажиллагаа
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн хяналттай ухаалаг угаар мэдрэгч төхөөрөмжүүдийг 24 цагаар хянадаг. Одоогоор нийслэлийн хэмжээнд 176 мянган гал түлдэг өрх бүртгэлтэй байгаагаас 131 мянгад ухаалаг мэдрэгч суурилуулжээ. Гэвч 17 мянган өрх төхөөрөмжөө унтраасан байдалтай байгаа аж.
Д.Мөнхбаатар онцлохдоо:
“Иргэд утаа гараагүй байхад дохиолол дуугарлаа гэж андуурч мэдрэгчээ унтрааж болохгүй. Угаарын хий нь амт, үнэр, өнгө байхгүй, хүний амь насанд аюултай бодис юм. Мэдрэгч дуугарсан тохиолдолд яаралтай гадаа гарч, цэвэр агаар амьсгалах хэрэгтэй”
гэж анхааруулсан юм.
Угаарын эрсдэл, гол шалтгаан
Есдүгээр сараас хойш төвийн ажилтнууд 106 мянга гаруй айл өрхөөр орж, зуух, яндангийн битүүмжийг шалгасан байна. Шалгалтаар гал түлдэг 172 мянган өрхийн 80 мянга орчим нь зуух, яндангийн битүүмжийн асуудалтай болох нь илэрчээ.
Иргэд түлш бүрэн асаж дууссан гэж эндүүрч, сойлтоо хаах тохиолдол түгээмэл байдаг бөгөөд энэ нь угаартах эрсдэл нэмэгдүүлдэг гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.
“Хотула” аппликейшн ба түлшний борлуулалтын шинэ систем
Шинэ ухаалаг мэдрэгчүүдийг “Хотула” аппликейшн-тай холбох бөгөөд системийн тусламжтайгаар угаар мэдрэгчийн байдал автоматаар хянагдана.
“Арванхоёрдугаар сарын 15-наас хойш угаар мэдрэгчээ унтраасан өрхүүд түлш авах боломжгүй болно. Мэдрэгчийг асааж, идэвхтэй ажиллуулсны дараа л түлш борлуулах систем идэвхжих юм”
гэж Д.Мөнхбаатар мэдэгдэв.





