Гэртээ хоёр хүнийг буудан хөнөөсний дараа сургууль руу очжээ
Мягмар гарагт Канадын Бритиш Колумбия мужийн Tumbler Ridge сургуулийн орчимд буудалцаан болж, 9 хүн амиа алдаж, 25 хүн гэмтсэн тухай мэдээлэл цацагдлаа. Орон нутгийн мэдээллээр, сэжигтэн гэрээсээ гарахаасаа өмнө эхлээд ээж, дүү хоёроо буудан хөнөөсөн бөгөөд дараа нь өмнө нь сурч байсан сургууль дээрээ очин 12 настай 3 охин, 2 хөвгүүн сурагч болон 39 настай эмэгтэй багшийг буудаж хөнөөсөн байна. Үүний дараа өөрийгөө буудсан гэж мэдээлжээ.
Цагдаа: Сэжигтэн нь Жесси Ван Рүүтселаар, өмнө нь тус сургуульд сурч байсан
Халдлагыг үйлдсэн этгээдийг Жесси Ван Рүүтселаар гэх 18 настай хүн болохыг тогтоосон талаар мэдээлэв. Тэрээр өмнө нь Tumbler Ridge сургуульд сурч байгаад 4 жилийн өмнө сургуулиасаа гарсан гэж дурдсан байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, Жесси Ван Рүүтселаар нь эрэгтэй хүйстэй төрсөн бөгөөд 6 жилийн өмнөөс хүйсийн шилжилт хийж эмэгтэй болсон аж. Цагдаа нар сэжигтний гэрт очих үед 39 настай ээж, 11 настай хойд дүү нь буудуулж амиа алдсан байдалтай байсан гэж мэдээлжээ.
Мөн цагдаагийн байгууллага өмнө нь энэ хаягаар “сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой” дуудлагаар хэд хэдэн удаа очиж байсан гэж мэдэгдсэн байна. Зарим мэдээлэлд сэжигтэн нь хүйсийн шилжилт хийснээс хойш ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлттэй тулгарсан байж болзошгүй бөгөөд үүнтэй холбоотой өш хонзонгийн сэдэл таамаглагдаж буйг дурджээ.





