-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Нас барсан донорын умайгаар төрсөн Их Британийн анхны хүүхэд 10 долоо хоногтой болжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Их Британи улсад нас барсан донороос шилжүүлэн суулгасан умайд бойжсон анхны хүүхэд эсэн мэнд төрсөн тухай мэдээлэв. “Гайхамшиг” хэмээн нэрлэгдэж буй бяцхан хүү Хюго өнөөдөр 10 долоо хоногтой болж байна.

Хюго 2025 онд Зул сарын баярын өмнөхөн баруун Лондон дахь “Queen Charlotte’s and Chelsea” эмнэлэгт 3.1 кг жинтэй төржээ. Түүний ээж Грэйс Белл 30 гаруй настай бөгөөд Их Британид “MRKH” хам шинжтэй 5000 орчим эмэгтэйн нэг юм. Уг хам шинжийн үед эмэгтэй хүн төрөлхийн умайгүй төрдөг, сарын тэмдэг ирдэггүй боловч өндгөвч хэвийн байдаг. Белл 16 настайдаа хүүхэд тээх боломжгүйгээ анх мэдсэн байна.

Белл болон түүний нөхөр Стив Повелл нарын хувьд умай шилжүүлэн суулгуулах эсвэл тээгч эхээр хүүхэд тээх сонголтууд л үлдэж байжээ. Тэд хүүхэдтэй болох боломжийг өгсөн донор болон донорын гэр бүлд, мөн Оксфорд, Лондон хотын эмч нарын багт талархлаа илэрхийлсэн байна.

Умай шилжүүлэн суулгах мэс заслыг 2024 оны зургадугаар сард Оксфордын “The Churchill” эмнэлэгт хийж, 10 цаг үргэлжилжээ. Үүнээс хэдэн сарын дараа тэд Лондон дахь “The Lister” үр шилжүүлэн суулгах эмнэлэгт хандсан байна.

Эмч нарын баг энэ төрөлтийг урьд өмнө тохиолдож байгаагүй эргэлтийн мөч гэж тодорхойлсон бөгөөд энэ үйл явдал Беллтэй ижил оноштой олон эмэгтэйд итгэл найдвар өгөх боломжтой гэж үзэж байна. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах хагалгааг нийт 10 эмэгтэйд хийхээр төлөвлөснөөс гурван эмэгтэйд хагалгааг амжилттай хийж, нэг хүүхэд нь эсэн мэнд төрөөд байна.

Үүнээс өмнө 2025 оны эхээр тус улсад шилжүүлэн суулгасан умайд бойжсон хүүхэд төрж байсан ч тэр тохиолдолд амьд донорын умай ашигласнаараа ялгаатай гэж мэдээлэв.

Мөн Белл, Повелл нар дахин нэг хүүхэд тээж төрүүлэх боломжийг үгүйсгээгүй байна. Дараа нь шилжүүлэн суулгасан умайг авах төлөвлөгөөтэй байгаа нь Беллийг насан турш дархлаа дарангуйлах хүчтэй эм хэрэглэх шаардлагаас хамгаалах зорилготой аж. Нас барсан донорын умайгаар төрсөн хүүхэд донортой генетикийн ямар ч холбоогүй байдаг. Дэлхий даяар өнөөг хүртэл умай шилжүүлэн суулгах мэс засал 100 гаруй удаа хийгдэж, үр дүнд нь 70 гаруй эрүүл хүүхэд мэндэлсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу