Хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хамгаалах хуулийн төсөл боловсруулж байна
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын явцыг Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
Хуралдааны үеэр Засгийн газрын гишүүд төслийн талаар санал солилцож, тэдгээрийг тусган сайжруулсны дараа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Боловсролын сайдад даалгасан байна.
16 нас хүрээгүй хүүхдийн бүртгэлийг хязгаарлах зохицуулалт тусгана
Тус хуулийн төсөлд 16 нас хүрээгүй хүүхдийг насны хязгаар бүхий нийгмийн сүлжээнд бүртгэхийг хязгаарлах зохицуулалтыг тусгажээ.
Энэхүү зохицуулалтын зорилго нь хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мөн цахим орчны нөлөөллөөс үүдэлтэй эрсдэлээс хамгаалах явдал юм.
Хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилготой
Хуулийн төсөл нь нийгмийн сүлжээний хэрэглээнээс шалтгаалан хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүй, хүмүүжил, төлөвшилд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилготой байна.
Мөн цахим орчинд гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчил, халдлагаас хүүхдийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхийг зорьж байгаа юм.





