АНУ, Иран хэлэлцээний ширээнд эргэн ирж магадгүй гэх хүлээлт нефтийн үнийг огцом буулгав

АНУ, Ираны хооронд шинэ энхийн хэлэлцээ эхэлж болзошгүй гэх мэдээлэл тархсаны дараа дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өчигдрөөс эхлэн мэдэгдэхүйц буурлаа.

Дэлхийн жишигт тооцогддог Brent төрлийн нефть 3.8 хувиар хямдарч, нэг баррель нь 95.54 ам.долларт хүрсэн бол АНУ-ын West Texas Intermediate буюу WTI төрлийн нефть 6.1 хувиар унаж, 92.85 ам.доллар болсон байна.

Энэ нь өмнөх өдөр нефтийн үнэ 100 ам.долларын босгыг давсны дараах огцом бууралт болж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны боомтуудыг бүслэх шийдвэр гаргасны дараа үнэ өссөн ч тун удалгүй эсрэг чиглэл рүү эргэсэн байна.

Трамп сэтгүүлчдэд “нөгөө тал бидэнтэй холбоо барьсан, хэлэлцээр хийхийг маш их хүсэж байна” гэж мэдэгджээ. Мөн мэдээллээр Иран ураны баяжуулалтыг таван жил хүртэл хугацаагаар зогсоох санал тавьсан бол АНУ энэ хугацааг 20 жил байх ёстой гэж үзсэнээр талуудын байр суурь зөрсөн байна.

Хөрөнгө оруулалтын стратегич Линдсэй Жеймс нефтийн үнийн бууралтыг хоёр тал энхийн хэлэлцээр хийх сонирхлоо хадгалж байгаагийн дохио гэж тайлбарласан байна. Харин судлаач Жиажиа Ян Трампын мэдэгдлийг хурцадмал байдал саарах боломжийн илрэл гэж үзжээ.

Эрчим хүчний зах зээл дээр дарамт хэвээр байна

Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бирол одоогийн үнэ зах зээлийн бодит эрсдэлийг бүрэн илэрхийлж чадахгүй байгааг анхааруулсан байна. Тэрбээр “гуравдугаар сард ачигдсан нефть дөрөвдүгээр сард ирж байгаа, харин одоо шинэ ачилт бараг байхгүй тул нөхцөл байдал улам хүндэрч магадгүй” гэж хэлжээ.

Тус агентлагийн тайланд дурдсанаар гуравдугаар сард дэлхийн нефтийн нийлүүлэлт өдөрт 10.1 сая баррелиар буурч, 97 сая баррельд хүрсэн нь түүхэн дэх хамгийн том тасалдлын нэг болсон байна.

Мөн Олон улсын эрчим хүчний агентлагийн 32 гишүүн улс 400 сая баррель нефтийг нөөцөөс гаргахаар тохиролцсон бөгөөд шаардлагатай гэж үзвэл дахин нэмэлт арга хэмжээ авахаар бэлэн байгаа аж.

АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Брайт нефтийн үнэ ойрын долоо хоногуудад оргил цэгтээ хүрч болзошгүй гэж мэдэгдсэн байна.

Ормузын хоолой зах зээлийн хамгийн эмзэг цэг хэвээр үлдэв

Дэлхийн нефть, байгалийн хийн нийлүүлэлтийн бараг 20 хувь дамжин өнгөрдөг Ормузын хоолой одоо ч мөргөлдөөний хамгийн эмзэг бүс хэвээр байна. Иран энэ хоолойгоор дамжин өнгөрөх усан онгоцуудад заналхийлсээр байгаа нь дэлхийн эрчим хүчний зах зээлд дарамт үүсгэж байгаа юм.

Үүний зэрэгцээ зарим томоохон компаниуд үнийн өсөлтөөс ашиг хүртэж эхэлжээ. Тухайлбал, нефтийн салбарын аварга BP компанийн худалдааны хэлтэс ашиг нь “онцгой өндөр” гарна гэж мэдэгдсэн байна.

Харин Азийн хөрөнгийн зах зээлүүд өсөлттэй хаагджээ. Японы Nikkei 225 индекс 2.4 хувиар, Өмнөд Солонгосын Kospi индекс 2.7 хувиар тус тус өссөн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу