Молекул биологийн оношилгоог орон нутагт нэвтрүүлж байна
Баянхонгор аймагт зохион байгуулагдсан “Молекул биологийн оношилгоог нутагшуулах нь” сэдэвт сургалтын үр дүнд зоонозын халдварт өвчнийг лабораторийн түвшинд орон нутагтаа цаг алдалгүй оношлох боломж бүрджээ.
Тус сургалтаар улирлын эрсдэл нэмэгдэх үед бэлэн байдлыг хангах, лабораторийн эмч, мэргэжилтнүүдийн молекул биологийн оношилгооны мэдлэг, ур чадварыг сайжруулахад голлон анхаарсан байна. Мөн орон нутагт тулгарч буй хүндрэл, хэрэгцээг тодорхойлж, шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг боловсруулжээ.
Эмч, мэргэжилтнүүд онол, дадлага хослуулан суралцжээ
Сургалтад Зоонозын өвчин судлалын төвийн лабораторийн тасгийн бүх эмч, мэргэжилтэн хамрагдсан бөгөөд хичээлийг онол болон дадлагын хосолсон хэлбэрээр зохион байгуулсан байна.
Оролцогчид нуклеин хүчил ялгах арга зүй, уламжлалт болон бодит хугацааны ПГУ буюу PCR шинжилгээ, гель электрофорезийн аргачлал, мөн шинжилгээний үр дүнг тайлбарлан дүгнэх мэдлэг, чадвараа ахиулжээ.
Ингэснээр Баянхонгор аймагт зоонозын халдварт өвчнийг эрт илрүүлэх, лабораторийн оношийг шуурхай гаргах, шаардлагатай хариу арга хэмжээг цаг алдалгүй авах нөхцөл бодитоор нэмэгдэж байна.