АИ-92 шатахуун литр тутамдаа 500-550 төгрөгөөр нэмэгдэв: ОХУ-ын нийлүүлэлтийн үнэ огцом өсжээ

Шатахууны асуудлаар ажиллаж буй Шуурхай штаб ээлжит мэдээллээ хийж, АИ-92 бензиний үнэ нэмэгдсэн шалтгааныг тайлбарлалаа.

Өнөөдрөөс шатахуун түгээх станцууд өргөн хэрэглээний АИ-92 бензиний жижиглэнгийн үнээ нэмсэн байна. Шуурхай штабын мэдээлснээр ОХУ-аас нийлүүлж буй шатахууны үнэ аравдугаар сард өмнөх сараас тонн тутамдаа 190 ам.доллароор өссөн нь дотоодын борлуулалтын үнэд шууд нөлөөлжээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамирын мэдээлснээр 2026 оны аравдугаар сард Монгол Улс нийт 78 мянган тонн АИ-92 болон АИ-95 шатахуун импортлохоор гэрээлсэн байна.

ОХУ-аас нийлүүлж буй үнэ өсжээ

Б.Мөнхтамир:

“2026 оны аравдугаар сард АИ-92, АИ-95 шатахуун нийтдээ 78 мянган тонныг авахаар гэрээлсэн.

Монгол Улс тогтвортой байдлын гэрээгээр гурван жилийн хугацаанд ОХУ-аас шатахуунаа авч байсан. Гэвч Орос-Украины дайны нөхцөл байдлаас шалтгаалж, газрын тосны үйлдвэрүүд дэлбэрэлтэд өртсөний улмаас үнэ нь өсөж, нийлүүлэлт багаслаа.

Энэ сарын хувьд өнгөрсөн сарын нийлүүлэлтээс шатахууны үнэ 190 ам.доллароор өссөнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд өнөөдрөөс үнээ нэмлээ. Литр тутамд АИ-92 шатахууны үнэ 500-550 орчим төгрөгөөр нэмэгдсэн нь ОХУ-аас нийлүүлэгдэж буй шатахууны үнэ өссөнтэй холбоотой.

Бидний хувьд шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох нь хамгийн чухал байгаа. Арга хэмжээнүүдээ төлөвлөн ажиллаж байгаа. Урд хөрш болон гуравдагч хөрш орнуудаас шатахуун авахаар хэлцэл ид явагдаж байна. БНХАУ, Сингапур, Малайз, БНСУ-тай хэлцэл явагдаж байгаа.

Оны сүүл буюу 11, 12 дугаар сард орж ирэх шатахууны нийлүүлэлт багасах төлөвтэй байгаа тул бусад улстай хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна” хэмээв.

Ингэснээр Монгол Улс ОХУ-аас хамаарах шатахууны нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулахын тулд БНХАУ, Сингапур, Малайз, БНСУ зэрэг улстай шинэ нийлүүлэлтийн хэлцэл хийж байгаа аж.

Нэг тонн АИ-92 шатахууны үнэ 1,063 ам.долларт хүрчээ

АИ-92 бензиний литр тутмын үнийг 500-550 төгрөгөөр нэмсэн нь бодит өртөгтэй нийцэж байгаа эсэх талаар Б.Мөнхтамир мөн тайлбар өгсөн байна.

Тэрбээр:

“Монголын аж ахуйн нэгжүүд ОХУ-аас шатахуун импортлохдоо Санкт-Петербургийн биржийн сарын дундаж ханшаар авдаг. Энэ сард нэг тонн шатахууныг 1,063 ам.доллароор авч байна. Тонн шатахуун 1,250 литр болдог бөгөөд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал болон НӨАТ зэрэг бусад зардал нэмэгдэхээр нэг литрт ногдох үнэ 500-550 төгрөгөөр нэмэгдэж байгаа” гэв.

Иймээс одоогийн үнийн өсөлтийг ОХУ-аас импортолж буй шатахууны өртөг, тээвэрлэлт, татвар болон бусад зардлын нэмэгдэлтэй холбоотой гэж тайлбарлаж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу