“Aichi-Nagoya 2026” эхлэхээс өмнө оролцогчдын тоо зохион байгуулагчдыг сандаргав

“Aichi-Nagoya 2026” Азийн зуны спортын XX наадам эхлэхэд 23 хоног үлдээд байна. Наадам ойртох тусам зохион байгуулагчдын өмнө шийдэх шаардлагатай шинэ асуудлууд гарч эхэлжээ. Тэд энэ удаагийн наадамд нийт оролцогчдын тоо 15 мянга орчим байна гэж тооцоолж байсан ч бодит мэдүүлэг үүнээс давсан байна.

Азийн олимпын зөвлөлийн урьдчилсан мэдээллээр, тус наадамд 11 мянган тамирчин болон 6000 орчим албаны хүн оролцохоор мэдүүлгээ өгчээ. Ингэснээр нийт оролцогчдын тоо 17 мянгад хүрч, зохион байгуулагчдын анхны төлөвлөгөөнөөс мэдэгдэхүйц өндөр болсон байна.

Энэ байдал хамгийн түрүүнд байрлах байрны асуудлыг хүндрүүлж байгаа аж. Учир нь “Aichi-Nagoya 2026” наадамд зориулж уламжлалт тамирчдын хотхон бариагүй. Харин оролцогчдыг түр байр болон аяллын хөлөг онгоцонд байрлуулахаар төлөвлөсөн байжээ.

Гэвч тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүсийн тоо төлөвлөснөөс их болсон тул зохион байгуулагчид Азийн олимпын зөвлөлтэй дахин хэлэлцэх шаардлагатай болжээ. Оролцогчдын тоо нэмэгдэж байгаа нь наадмын цар хүрээ, спортын сонирхол өсөж буйг харуулж байгаа ч тамирчдын тосгонгүй зохион байгуулалт энэ удаагийн наадмын хамгийн их анхаарал татсан асуудлын нэг болоод байна.

Үүний зэрэгцээ Азийн зуны спортын наадмын бамбарын аялал Японы хотуудаар эхэлжээ. Бамбарын буухианд чөлөөт бөхийн домогт тамирчин, олимпын гурван удаагийн аварга Саори Ёшида зэрэг нэр хүндтэй хүмүүс оролцож байна.

“Aichi-Nagoya 2026” Азийн зуны спортын XX наадам есдүгээр сарын 19-нд нээлтээ хийж, аравдугаар сарын 4-нд өндөрлөх хуваарьтай. Наадам эхлэх дөхсөн энэ үед оролцогчдын тоо 17 мянгад хүрсэн нь зохион байгуулагчдын ложистик, байр, үйлчилгээний төлөвлөгөөг дахин нягтлах шаардлагатай болгож байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу