Х.Бадамгэрэл “Miss Grand International 2026”-ын Монголын төлөөллийн асуудлыг албан ёсоор тавьжээ

Топ модель Х.Бадамгэрэл “Miss Grand International 2026” тэмцээнд Amber Yuhan нэртэй оролцогч Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож байгаа асуудлаар зохион байгуулагч байгууллагад албан шаардлага хүргүүлсэн байна.

Тэрээр тэмцээний албан ёсны мэдээлэлд Amber Yuhan-ыг Монгол Улсын төлөөлөгчөөр бүртгэж, “Mongolia” гэсэн тууз болон Монголын төрийн далбаатайгаар оролцуулж буй нь ямар үндэслэлтэй болохыг тодруулахыг хүсжээ.

Х.Бадамгэрэл өөрийн цахим хуудсаар дамжуулан энэ талаар мэдээлэхдээ тухайн оролцогч Монгол Улсын иргэн мөн эсэх, Монголыг төлөөлөх эрхийг ямар журмаар авсан, сонгон шалгаруулалт явагдсан эсэх зэрэг асуултад олон нийтэд нээлттэй, албан ёсны тайлбар байхгүй байгааг онцолсон байна.

Мөн Монгол Улсын “Miss Grand International” тэмцээний лицензийг яг ямар байгууллага, хувь хүн эзэмшиж байгаа нь тодорхойгүй байгааг дурджээ.

Тэрээр “ANDRA Academy”-ийг үүсгэн байгуулсан, Монголын загвар болон гоо сайхны салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд 2015 оноос хойш олон улсын гоо бүсгүйн тэмцээнд Монголын оролцогчдыг бэлтгэж ирсэн гэдгээ мөн танилцуулсан байна.

Энэ үндэслэлээр Х.Бадамгэрэл “Miss Grand International” байгууллагад цахим шуудангаар албан шаардлага хүргүүлж, Amber Yuhan-ы төлөөллийн эрх, лицензийн эзэмшил болон Монгол Улсын нэр, төрийн далбааг ашиглаж буй зохицуулалтын талаар тодорхой хариу өгөхийг хүсжээ.

Түүнчлэн энэ асуудлыг олон нийтэд илүү өргөн хүрээнд хүргэж, зохион байгуулагчдаас албан ёсны тайлбар авахад дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.

Ингэснээр “Miss Grand International 2026”-д Монголын нэрийн өмнөөс оролцож буй Amber Yuhan-тай холбоотой маргаан шинэ шатанд орж, төлөөллийн эрх болон лицензийн асуудлыг албан түвшинд тодруулах шаардлага тавигдаж эхэллээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу