“Айчи-Нагояа 2026”: Монголын волейболчид өнөөдөр Тайландтай 15:00 цагаас тоглоно

Монголын эмэгтэй волейболын шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ. Манай баг эхний тоглолтоо есдүгээр сарын 16-нд Улаанбаатарын цагаар 15:00 цагаас Тайландын шигшээтэй хийхээр товлогджээ.

20 дахь удаагийн Азийн наадам есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд Японы Айчи муж болон Нагояа хотод “Imagine One Asia” уриан дор зохион байгуулагдана.

Монгол Улсаас энэ удаагийн наадамд 31 спортын төрөлд 300 гаруй тамирчин оролцох юм. Нийт 45 Үндэсний олимпын хорооны ойролцоогоор 15 мянган тамирчин, албаны төлөөлөгч 43 спортын 71 төрөлд 469 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Монголын волейболын шигшээ гурван өдөр дараалан тоглоно

Монголын эмэгтэй волейболын шигшээ баг хэсгийн шатанд Тайланд, Хятадын Тайвань, Киргизийн багуудтай өрсөлдөхөөр болсон.

Тоглолтын хуваарь:

  • Есдүгээр сарын 16 — Тайланд, 15:00
  • Есдүгээр сарын 17 — Хятадын Тайвань, 15:00
  • Есдүгээр сарын 18 — Киргиз, 15:00

Монголын эрэгтэй волейболын шигшээ баг энэ удаагийн Азийн наадамд оролцохгүй байна.

Монголын багийн тугчид тодорчээ

Өнөөдөр Монголын баг тамирчдыг Тамирчдын хотхонд хүлээн авах ёслол зохион байгуулагдсан байна.

Азийн наадмын нээлтийн үеэр Монголын багийн тугийг 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Ч.Тэмүүлэн болон волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Энххүслэн нар барин жагсахаар болжээ.

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ есдүгээр сарын 18-нд эхэлнэ

Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг C хэсэгт БНСУ, Хятадын Тайвань, Малайзын багуудтай нэг хэсэгт багтсан.

Манай баг эхний тоглолтоо есдүгээр сарын 18-нд Хятадын Тайванийн эсрэг хийх бөгөөд тоглолт Японы цагаар 13:00, Улаанбаатарын цагаар 12:00 цагт эхэлнэ.

Үүний дараа Монголын шигшээ есдүгээр сарын 21-нд БНСУ, 22-нд Малайзын багтай хэсгийн шатны тоглолтуудаа хийх хуваарьтай байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу