Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2026 оны дөрөвдүгээр хуралдаанаар “Цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэж, зарчмын хувьд дэмжжээ.
Батлан хамгаалах яамны мэдээлснээр уг төсөлд одоо мөрдөж буй хуулийн 60 орчим хувьд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Ингэснээр цэргийн албаны тогтолцоо, хүний нөөц, цэргийн цол, дүйцүүлэх алба, цэрэг татлагын зохион байгуулалтыг орчин үеийн шаардлагад нийцүүлэхээр төлөвлөжээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих, нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй мэргэжилтнүүдийг алслагдсан бүсэд ажиллуулах зорилготой зохицуулалт орсон байна. Тодруулбал, алслагдсан бүс нутагт багш, эмч зэрэг эрэлттэй мэргэжлээр очиж гурван жил ажилласан иргэдийг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгажээ.
Дүйцүүлэх алба, “Оюутан цэрэг”, “Малчин цэрэг”-ийн зохицуулалтыг шинэчилнэ
Төслийн хүрээнд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр хаасан иргэдийг заавал цэргийн мэргэжлийн сургалтад хамруулах журамтай болгохоор төлөвлөсөн байна.
Мөн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалтыг өргөжүүлж, уг сургалтад хамрагдсан оюутанд хугацаат цэргийн алба хаагчтай адил байлдагч, ахлах байлдагч, дэд түрүүч цол олгохоор тусгажээ.
Орон нутгийн онцлогт нийцүүлэн “Малчин цэрэг” сургалтыг хэрэгжүүлэх заалт мөн төсөлд багтсан байна. Үүнээс гадна гадаадын цэргийн мэргэжлийн сургуульд суралцсан хугацааг ажилласан жилд тооцож, цэргийн цол олгох нөхцөлийг бүрдүүлэхээр тусгажээ.
Цэрэг татлагын төвийг хуульчилна
Хуулийн төслөөр “Төв дамжин” буюу цэрэг татлагын төв гэсэн шинэ бүтцийг хуульчлахаар оруулсан байна. Ингэснээр цэрэг татлага, эрүүл мэндийн үзлэг, цэргийн хуваарилалтыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх аж.
Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй зөвлөлийн гишүүд оролцож, асуулт асууж, санал дэвшүүлсэн байна.
Зөвлөлийн гишүүд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу үзэл баримтлалыг эцэслэн, холбогдох яамдаар батлуулах, цаашид Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтжээ.
Төслийг баталснаар цэргийн алба хаах эрх зүйн орчин илүү тодорхой болж, цэрэг татлага, хуваарилалт, цэргийн цол, хяналтын тогтолцоо улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттай болох юм.