АНУ-д хүргэлтийн ажилтан буудуулсан хэрэг: С.Хүслэнгийн гэрээс их хэмжээний мөнгө, буу, мансууруулах бодис илэрсэн гэжээ

АНУ-ын Флорида мужийн Майами хотод хоол хүргэлтийн ажилтан буудуулж, толгойдоо гэмтэл авсан хэрэгтэй холбогдуулан 33 настай Саруултуяагийн Хүслэнг цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар мэдээлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны үеэр түүний оршин суудаг газраас их хэмжээний бэлэн мөнгө, галт зэвсэг болон хэд хэдэн төрлийн мансууруулах бодис илэрсэн гэх мэдээлэл байна.

Хэрэг шөнийн 03:30 цагийн орчимд болсон бөгөөд “Uber Eats”-ийн хүргэлтийн ажилтан тухайн айлд хоол хүргэж очжээ. Урьдчилсан мэдээллээр хүргэлтийн ажилтан гэрийн эзэгтэйн утасны дугаарыг асуусны дараа С.Хүслэн гарч ирэн түүнтэй маргалдсан байна.

Мөрдөн шалгах материалд дурдсанаар С.Хүслэн хүргэлтийн ажилтанд гар буу тулган газар хэвтэхийг шаардсан бөгөөд дараа нь гал нээж, өгзөг орчимд нь шархдуулсан гэж үзэж байгаа аж.

Гэрчийн мэдүүлэгт түүнийг буудсаны дараа бууныхаа бөгсөөр хохирогчийн толгой руу цохиж, “Ална шүү” гэж сүрдүүлсэн гэх бөгөөд энэ үед гэрийн эзэгтэй гарч ирж үйлдлийг зогсоосон гэжээ.

Хохирогч эмнэлэгт хүргэгдсэн байна

Хэрэг гарсны дараа хүргэлтийн ажилтныг Майами хотын эмнэлэгт хүргэж эмчилгээ хийсэн байна.

Хохирогч болсон хүргэлтийн ажилтан болсон явдлын талаар:

“Хоол хүргэж өгөөд цөөн хором ярилцахад таалагдсан учир гар утасны дугаарыг нь асуусан. Гэтэл нэг залуу гарч ирж буу тулгаад “Газар хэвт” гэсэн. Тэгээд араас минь буудаж, өгзгөн тус газар шархдуулсан. Дараад нь миний толгой руу бууныхаа бөгсөөр хүчтэй цохисны улмаас толгой хагарсан”

гэж мэдүүлсэн байна.

Цагдаа нар хэргийн дараа С.Хүслэнтэй холбоотой байршилд шалгалт хийхдээ бэлэн мөнгө, галт зэвсэг болон хэд хэдэн төрлийн мансууруулах бодис илрүүлсэн гэж мэдээлжээ.

Тэдгээрийн дунд “ягаан кокаин” гэж нэрлэгддэг бодисын 16 тун байсан гэх мэдээлэл байна. Энэ нэршил нь гудамжны нэр томьёо бөгөөд бодисын нарийн найрлагыг лабораторийн шинжилгээгээр тогтоох шаардлагатай байдаг.

Хүнд төрлийн хэд хэдэн хэрэгт шалгаж байна

С.Хүслэнг одоогоор хүргэлтийн ажилтныг буудсан хэрэгтэй холбоотойгоор шалгаж байгаа бөгөөд үүнээс гадна галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн, мансууруулах бодистой холбоотой байж болзошгүй үйлдлүүдийг мөрдөн шалгаж байгаа аж.

Цагдаагийн ажиллагааны хүрээнд хураан авсан бэлэн мөнгө, зэвсэг, бодисын гарал үүсэл болон зориулалтыг тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа гэж мэдээлжээ.

Мөн хүргэлтийн ажилтныг буудсан үйл явдал санаатай байсан эсэх, тухайн үед хэрэглэсэн буу хууль ёсны бүртгэлтэй байсан эсэх, илэрсэн бодисууд ямар төрөл, хэмжээтэй байсан зэрэг нөхцөл байдлыг мөрдөн шалгалтаар эцэслэн тогтоох юм.

Одоогоор дээрх мэдээллүүд нь мөрдөн шалгах шатны баримт, мэдүүлэгт тулгуурлаж байгаа бөгөөд С.Хүслэнгийн гэм бурууг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу