Мэргэжлийн боксын дэвжээнд 15 тулаан хийж, нэг ч ялагдал хүлээгээгүй яваа Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ээлжит тулааныхаа товыг зарлалаа.
Тэрбээр 2026 оны арваннэгдүгээр сарын 13-нд АНУ-ын Техас мужид мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийхээр болсон байна.
Э.Цэндбаатар WBC холбооны super featherweight буюу 130 паунд, 58.976 кг-ын жинд өрсөлддөг бөгөөд энэ удаа Тажикстаны боксчин Мухаммад Якубовтой тулалдана.
Мухаммад Якубов мэргэжлийн замналдаа нийт 24 тулаан хийснээс 23 ялалт байгуулж, ердөө нэг удаа ялагдсан хүчтэй өрсөлдөгч юм.
Хоёр боксчны тулаан анх 2026 оны дөрөвдүгээр сард болохоор товлогдсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилж байсан. Харин одоо тэдний удаан хүлээлгэсэн тулааны шинэ тов албан ёсоор тодорхой болжээ.
Чансааны шилдэгүүдийн тулаан болно
Мухаммад Якубов одоогоор өөрийн жингийн дэлхийн чансааны долоодугаар байрт бичигдэж байна.
Харин Э.Цэндбаатар есдүгээр сард шинэчлэгдсэн чансаагаар дэлхийн шилдэг 10 боксчны эгнээнд багтаад байгаа юм.
Ингэснээр арваннэгдүгээр сарын 13-нд болох тулаан нь зөвхөн Э.Цэндбаатарын ялагдашгүй цувралын үргэлжлэл төдийгүй дэлхийн чансаанд дээгүүр бичигдэж буй хоёр боксчны чухал өрсөлдөөн болохоор байна.
Э.Цэндбаатарын хувьд энэ тулаанд ялалт байгуулбал мэргэжлийн боксын замнал дахь амжилтаа 16 дараалсан ялалтад хүргэх боломж бүрдэх юм.