НЬЮ-ЙОРК хот – 2026 оны зургадугаар сарын 18. АНУ болон Иран хоорондын энх тайвны тохиролцооны үр дүнд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурах хандлага үргэлжилж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, тосны үнэ буурсан нь дэлхий даяарх инфляцын эрсдэлийг бууруулж болох ч нөхцөл байдал бүрэн тогтвортой болоогүй байна.
Брент төрлийн газрын тосны наймдугаар сарын фьючерсийн үнэ 1.13 хувиар унаж, нэг баррель нь 78.65 ам.доллар болсон бол Америкийн WTI төрлийн газрын тосны долоодугаар сарын гэрээний үнэ 1.26 хувиар буурч, 75.82 ам.долларт хүрчээ.
Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мөргөлдөөнийг урт хугацаанд шийдвэрлэснээр нийлүүлэлт мэдэгдэхүйц нэмэгдэж, дараа жил газрын тосны илүүдэл үүсэх төлөвтэй гэж таамаглаж байна. Тус агентлагийн мэдээлснээр, 2026 онд дэлхийн нийлүүлэлт өдөрт дунджаар 3.9 сая баррелиар буурч, 102.4 сая баррельд хүрэх аж. Харин 2027 онд нийлүүлэлт сэргэж, өдөрт 110.3 сая баррель болох төлөвтэй байна.
New York Life Investment Management компанийн тайланд газрын тосны үнийн уналт дэлхийн инфляцын эрсдэлийг бууруулж болох ч нөхцөл байдал бүрэн тогтворжихоос хол байгааг тэмдэглэсэн байна. Тус компанийн шинжээчдийн үзэж байгаагаар, газрын тосны үнэ мөргөлдөөний өмнөх түвшнээс өндөр хэвээр байгаа бөгөөд далайн тээврийг хэвийн болгоход цаг хугацаа шаардагдаж, стратегийн нөөцүүдийг дахин дүүргэх шаардлагатай гэжээ.
Өмнө нь АНУ болон Иран энх тайвны хэлэлцээрт хүрсэн тухай мэдээлэл гарсан. Гарын үсэг зурах ёслол зургадугаар сарын 19-ний өдөр Швейцари улсад болох төлөвтэй байна.
Түүнчлэн, энэхүү хэлэлцээр нь Ормузын хоолойг нээх боломжийг бүрдүүлж, дэлхийн зах зээлд түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх магадлалтай гэж үзэж байна.
Шинжээчид АНУ-Ираны гал зогсоох хэлэлцээрийг сайшаасан улс төрийн мэдэгдлүүдийн дараа газрын тосны үнэ эрс унасан ч зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилсээр байгааг онцолж байна.