2027 оны улсын төсвийн төсөлд цэцэрлэгийн хүүхэд болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын хоолны зардлыг өсгөхөөр тооцжээ. Ингэхдээ зөвхөн хүнсний бүтээгдэхүүний үнийг бус, хоол үйлдвэрлэхэд шаардагдах бусад зардлыг хамтад нь тооцсон байна.
Шинэ тооцоогоор цэцэрлэгийн нэг хүүхдийн өдрийн хоолны нийт өртөг 7700 төгрөг, сургуулийн I-V ангийн нэг сурагчийн үдийн хоолны нийт зардал 5600 төгрөг байхаар төлөвлөжээ.
Бага ангийн сурагчийн хоолны хүнсэнд 3500 төгрөг зарцуулна
Сургуулийн үдийн хоолны хөтөлбөрт хамрагддаг I-V ангийн сурагчдын хүнсний түүхий эдийн зардал одоо нэг хүүхдэд 2500 төгрөг байгаа юм.
2027 онд энэ хэмжээг 3500 төгрөг болгохоор төлөвлөжээ. Үүнээс гадна хоол үйлдвэрлэлийн ажилтнуудын цалин, тоног төхөөрөмжийн нөхөн хангалт, цахилгаан зэрэг зардалд нэг хүүхдэд өдөрт дунджаар 2100 төгрөг тооцно.
Ингэснээр бага ангийн нэг сурагчийн үдийн хоолны бодит нийт өртөг өдөрт 5600 төгрөг болох юм.
Харин дунд болон ахлах ангийн сурагчид одоогоор үдийн хоолны хөтөлбөрт хамрагдахгүй хэвээр байна.
Цэцэрлэгийн хүнсний зардлыг 1100 төгрөгөөр өсгөнө
Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд зарцуулах хүнсний түүхий эдийн төсвийг мөн нэмэгдүүлэхээр тусгажээ.
Тодруулбал, нэг хүүхдийн хүнсний зардлыг 1100 төгрөгөөр өсгөж, 4100 төгрөгт хүргэхээр төлөвлөсөн байна. Үүн дээр эцэг эх, асран хамгаалагчийн хариуцах 1000 төгрөг нэмэгдсэнээр хүнсний нийт зардал 5100 төгрөг болно.
Харин хоол үйлдвэрлэлтэй холбоотой ажиллах хүч, тоног төхөөрөмж, цахилгаан болон бусад зардалд нэг хүүхдэд өдөрт 2600 төгрөг тооцжээ.
Ингэснээр цэцэрлэгийн нэг хүүхдийн өдрийн хоолны нийт өртөг 7700 төгрөг болох тооцоо гарсан байна.
Хоолны өртөг зөвхөн хүнсний үнээр хэмжигдэхгүй
Хүүхдийн хоолны төсвийг зөвхөн мах, гурил, ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүн худалдан авах мөнгөөр хэмжих нь бодит өртгийг бүрэн илэрхийлэхгүй гэж үзэж байна.
Учир нь хоол бэлтгэхэд тогооч болон бусад ажилтны цалин, гал тогооны тоног төхөөрөмжийн ашиглалт, нөхөн хангалт, цахилгаан зэрэг тогтмол зардал давхар гардаг.
Нөгөө талаас өсвөр насны хүүхдүүдийн бие бялдар, тархи оюуны хөгжил эрчимтэй явагддаг тул шим тэжээлтэй хоолоор тогтмол хангах хэрэгцээ өндөр хэвээр байна. Иймээс цаашид үдийн хоолны хөтөлбөрийг дунд, ахлах ангийн сурагчдад үе шаттайгаар өргөжүүлэх, хоолны чанар болон шим тэжээлийн тэнцвэрийг сайжруулах шаардлага байгааг онцолжээ.