“Orion” хөлгөөс авсан шинэ зургууд түүхэн “Мандаж буй Дэлхий”-г дахин санагдуулав
НАСА-гийн “Artemis-2” нислэгийн баг сарны цаад талаар нисэж байх үеэрээ авсан хэд хэдэн онцгой гэрэл зургаа олон нийтэд дэлгэлээ. Эдгээр зургууд дээр Дэлхий сарны хаяа руу аажмаар орж жаргаж буй агшин, мөн сансраас ажиглагдсан нар хиртэлтийн мөчийг буулгасан байна.
Сансрын нисэгчид сарны тойрог замд нийт долоон цагийн турш нисжээ. Харин сарны цаад талд хүрэх үед тооцоолсны дагуу дэлхийтэй холбоо нь ойролцоогоор 40 минут тасарсан байна. Энэ нь нислэгийн төлөвлөгөөний хэвийн хэсэг байсан бөгөөд яг тэр мөчид багийнхан хүн төрөлхтний өмнө нь ийм байдлаар харж байгаагүй дүр төрхүүдийг ажиглах боломжтой болжээ.
Дэлхий дээрээс нарны хиртэлтийг ихэвчлэн хэдхэн минутын турш л харах боломжтой байдаг. Харин “Artemis-2” багийн хувьд энэ үзэгдэл бүтэн 57 минут үргэлжилсэн нь онцгой тохиолдол боллоо. Сансрын нисэгч Виктор Гловер энэ мөчийн талаар, “Сар орчмоос Дэлхий маш тод гэрэлтэж байсан, харин Сар яг бидний өмнө байлаа” хэмээн ярьжээ.
“Жаргаж буй Дэлхий” шинэ зураг сансар дахь эмзэг цэнхэр гарагийг дахин төвд авчирлаа
Сарны хаяаны цаагуур жаргаж буй Дэлхийн энэ шинэ зураг нь 1968 онд “Apollo-8” нислэгийн үеэр Билл Андерсын авсан домогт “Мандаж буй Дэлхий” гэрэл зургийг олон хүнд дахин санагдуулж байна. Хязгааргүй сансар огторгуйн дунд хөвж буй эмзэг, цэнхэр Дэлхийн дүр төрхийг харуулсан тэр зураг түүхэн дэх хамгийн алдартай гэрэл зургуудын нэг болсон төдийгүй байгаль хамгаалах үзэл, дэлхийгээ эмзэг нүдээр харах ойлголтод хүчтэй нөлөө үзүүлсэн гэж үздэг.
Шинэ “Жаргаж буй Дэлхий” зургийг “Orion” хөлгийн цонхоор дөрөвдүгээр сарын 6-нд Гринвичийн цагаар 22:41-д авсан байна. Ийнхүү “Artemis-2” багийн буулгасан шинэ дүрслэлүүд нь зөвхөн шинжлэх ухааны ач холбогдолтой биш, бас хүн төрөлхтний орчлон ертөнц дэх байр суурийг дахин нэг удаа гүн мэдрүүлсэн ховор агшнууд болж үлдэж байна.
Одоогоор “Artemis-2” нислэгийн баг эх дэлхий рүүгээ буцах замдаа орсон бөгөөд тэд дөрөвдүгээр сарын 11-нд дэлхийн агаар мандалд ойролцоогоор 40 мянган км/цагийн хурдтай орж, Номхон далайд буухаар төлөвлөжээ.



Сансрын нислэг үнэхээр гайхалтай
Хүн төрөлхтөн их урагшилж байна даа