Арваннэгдүгээр сараас 435 мянган ахмад суурь тэтгэвэр авч эхэлнэ

Монгол Улсад 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэврийн шинэ тогтолцоог хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Ингэснээр Нийгмийн даатгалын сан болон цэргийн тэтгэвэр авч буй ахмадуудын тодорхой хэсэг үндсэн тэтгэвэр дээрээ сар бүр нэмэлт суурь тэтгэвэр авах юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, тус яамны Нийгмийн даатгал, хуримтлалын бодлогын газрын дарга В.Рэнцэнханд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон холбогдох албаныхан Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлт, тэтгэврийн шинэчлэл, суурь тэтгэврийн талаар мэдээлэл өгсөн байна.

УИХ-ын 2026 оны аравдугаар сарын 16-ны өдрийн чуулганаар баталсан төсвийн тодотголын хүрээнд Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулж, арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр олгох санхүүгийн нөхцөлийг бүрдүүлжээ.

Энэхүү шинэчлэлийн зорилго нь ахмад настнуудын орлогыг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг нь сайжруулахад чиглэж байгаа юм.

Хүсэлт гаргах шаардлагагүй

Суурь тэтгэвэр авахын тулд тэтгэвэр авагчид тусгай хүсэлт гаргах, нэмэлт баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй.

Холбогдох байгууллагууд шаардлагатай мэдээлэлд үндэслэн суурь тэтгэврийн хэмжээг автоматаар тооцож олгохоор төлөвлөжээ.

Нийгмийн даатгалын сан болон цэргийн тэтгэвэр авч буй ахмадуудын 80 орчим хувь буюу нийт 435 мянган иргэн шинэ тогтолцоонд хамрагдах юм.

Суурь тэтгэврийг:

  • эмэгтэй 55 нас,
  • эрэгтэй 60 нас

хүрсэн тэтгэвэр авагчдад олгоно.

Сард 100-300 мянган төгрөг нэмэгдэнэ

Суурь тэтгэврийн хэмжээ хүн бүрт ижил байхгүй. Тухайн иргэн хэдэн жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болон одоо хэдий хэмжээний үндсэн тэтгэвэр авч байгаагаас шалтгаалан сард 100 мянгаас 300 мянган төгрөгийн хооронд тогтоох аж.

Дундаж суурь тэтгэврийн хэмжээ 224 мянган төгрөг байхаар тооцжээ.

Жишээлбэл, 20 жил шимтгэл төлж, одоо сард 769 мянган төгрөгийн үндсэн тэтгэвэр авч байгаа иргэнд 201,550 төгрөгийн суурь тэтгэвэр нэмэгдэнэ. Ингэснээр тухайн иргэний нийт тэтгэвэр сард 970,550 төгрөг болно.

Харин 35 жил шимтгэл төлж, мөн 769 мянган төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг иргэний суурь тэтгэвэр 276,550 төгрөг байх бөгөөд нийт авах мөнгө нь 1,045,550 төгрөгт хүрнэ.

Мөн 30 жил шимтгэл төлсөн, сард нэг сая төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг иргэнд 240 мянган төгрөгийн суурь тэтгэвэр ногдож, сарын нийт тэтгэвэр нь 1.24 сая төгрөг болох тооцоо гарчээ.

Тусгай нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэдэд насны шалгуур үйлчилнэ

Цэргийн, онцлог мэргэжлийн, олон хүүхэдтэй эхийн болон хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэдийн хувьд мөн адил насны шалгуур үйлчлэх юм.

Өөрөөр хэлбэл, эдгээр ангиллын тэтгэвэр авагч эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн өдрөөсөө эхлэн суурь тэтгэвэр авах эрхтэй болно.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд тэтгэврийн хэмжээг инфляцын дундаж түвшинтэй уялдуулан жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлж байхаар заасан байдаг.

Үүний дагуу 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын сан болон цэргийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх саналыг 2027 оны төсвийн хуулийн төсөлд тусгаад байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу