Астанад болсон уулзалт: У.Хүрэлсүх, Ваган Хачатурян нар хамтын ажиллагааны шинэ гарцуудыг хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо болсон Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцаа улс төрийн түвшинд идэвхтэй хөгжиж байгааг онцолж, харилцан сонирхож буй бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх асуудлаар санал солилцсон байна.

Талууд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлэх боломжийн талаар ярилцаж, ялангуяа “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр”-ийн хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүнийг Армени Улсын зах зээлд нийлүүлэх гарцыг хөнджээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтийн болон бүс нутгийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилготойгоор 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар танилцуулж, энэ чиглэлд Армени Улстай хамтран ажиллах боломж байгааг илэрхийлсэн байна.

Түүнчлэн уулзалтын үеэр НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд Монгол, Арменийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, олон улсын харилцааны зарим асуудлыг мөн хэлэлцжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу