МАН-ын бүлэг хотын даргын асуудлыг хэлэлцэв
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлэг өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 26-нд хуралдаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөл болон Нийслэлийн МАН-ын хорооноос нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлсэн асуудлыг авч хэлэлцсэн байна.
Улмаар нийслэлийн Засаг даргад Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхийг бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжжээ. Үүний дараа НИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан байна.
Т.Батцогт: Хотын иргэдийн сонголтыг дураараа өөрчлөөд явах уу
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт дагуул хот байгуулах ажил, МАН-ын шийдвэр гаргалт, төрийн албаны тогтвортой байдал болон хотын бүтэц дахин өөрчлөгдөх эсэх асуудлыг хөндлөө.
Тэрбээр, “Дагуул хот байгуулах ажил ямар шатанд явж байна. Хоёрдугаарт МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж хотын иргэдийн сонголтыг дураараа өөрчлөөд яваад байх юм уу. Мөн төрийн албаны тогтвортой байдалд хэрхэн анхаарах вэ. Одоо хотын дарга өөрчлөгдөөд дахиад бүтцийн өөрчлөлт хийх үү” гэв.
Б.Пүрэвдагва: Одоо ажлаа хийе
Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагва дагуул хот байгуулах ажил үргэлжилж байгаа гэдгийг хэллээ. Мөн төрийн албаны тогтвортой байдлыг ажлын үр дүнгээр иргэд үнэлнэ гэж байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр нийслэлийн мега төслүүдийг эрэмбэлж, ил тод, нээлттэй байдлаар үргэлжлүүлэхээ хэлсэн байна. Мөн иргэд талцлаас залхсан тул бодит ажил хийх цаг болсон гэж онцоллоо.
Б.Пүрэвдагва туршлагатай хүмүүс олон байгааг дурдсанаас гадна ажлаа мэддэг, туршлагатай хүмүүстэй хамтран ажиллана гэв.
Э.Золзаяа хотын системийн өөрчлөлт, мега төслүүдийн талаар асуув
НИТХ-ын төлөөлөгч Э.Золзаяа хотын системийн асуудлыг хэрхэн харж байгаа, хамгийн эхэнд ямар өөрчлөлт хийх, Туулын хурдны замыг үргэлжлүүлэх эсэх, дэд бүтцийн асуудлыг улс төрөөс ангид эрэмбэлж чадах эсэхийг тодруулжээ.
Тэрбээр мөн хоёр жилийн дараа иргэд хотын даргын ажлыг ямар үзүүлэлтээр дүгнэх ёстойг асуусан байна.
Б.Пүрэвдагва: Хотыг иргэддээ ээлтэй болгоно
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва хамгийн түрүүнд Улаанбаатарыг иргэддээ ээлтэй хот болгоно гэж мэдэгдлээ. Туулын хурдны замын тухайд Засгийн газрын шийдвэр байгаа бөгөөд маш сайн тооцоолол хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
Тэрбээр нийслэлд трамвай, метро зэрэг олон мега төсөл байгааг дурдсан. Трамвайтай холбоотой 350 орчим, 145 тэрбум, нийт 900 гаруй тэрбум төгрөг тусгагдсан талаар хэлж, бүх төслийн нэгжтэй уулзана гэдгээ мэдэгдэв.
Мөн иргэдийн санал бодол чухал бөгөөд үр ашигтай төслөөс нь эхэлж хэрэгжүүлнэ гэжээ. Харин ямар төслийг зогсоож, алийг нь үргэлжлүүлэхийг одоо шууд хэлэхэд эрт байгаа тул холбогдох албан тушаалтнуудтай уулзсаны дараа шийдвэр гаргана гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Тэрбээр “Үндсэндээ миний хувьд буцалж буй тостой тогоо руу үсрээд орж байна. Залуу хүний хувьд биеэ нөөхгүй, сайн ажиллана. Хотын дарга хийх хугацаанд хэр хүн төвтэй хот болсон бэ гэдгээр дүгнээрэй гэж хэлмээр байна. Надад хувийн ашиг сонирхол байхгүй. Харин хотын иргэдэд тулгамдсан асуудлыг шийднэ” гэлээ.
Б.Энхжаргалан: Жижиг, дунд бизнесийг хэрхэн бодитоор дэмжих вэ
НИТХ-ын төлөөлөгч Б.Энхжаргалан нийслэлийг бизнесийг дэмжих хот болгон зарласантай холбоотойгоор жижиг, дунд бизнес эрхлэгчид болон хувийн хэвшлийг бодитоор хэрхэн дэмжихийг асуув.
Мөн Улаанбаатар хотыг залуучуудын хот гэж үзэж байгаа тул тэдний чөлөөт цаг, сурч боловсрох орчин, ая тухтай амьдрах нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх талаар тодруулсан байна.
Б.Пүрэвдагва: Нэг ч төрлийн татвар, хураамж нэмэхгүй
Б.Пүрэвдагва бизнесийг хамгийн чухал асуудлын нэг гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр өөрөө бизнес эрхэлж байсан хүний хувьд бизнесийн зовлон, жаргалыг мэднэ гэж хэлсэн байна.
Нэр дэвшигчийн зүгээс Засаг дарга болбол дахин нэг ч төрлийн татвар, хураамж нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ. Мөн төр бизнестэй өрсөлдөхгүй байх ёстой гэж үзэж байгаагаа хэлжээ.
Залуучуудад ээлтэй хотын тухайд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цогц газруудыг бий болгохоор ажиллана гэж хариулсан байна.
Санал хураалт үргэлжилнэ
НИТХ-ын төлөөлөгчид Б.Пүрэвдагваас асуулт асууж дууссаны дараа санал хураалт явуулахаар болсон байна. МАН-ын бүлэг түүнийг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн нь хотын шинэ удирдлагын асуудал шийдвэрлэх шатандаа орсныг харуулж байна.