Баавгай суурин газар руу ойртох нь нэмэгдвэл яах вэ: Дэлхийн орнууд ийм аргаар зохицуулдаг

Баавгай болон бусад зэрлэг амьтад суурин газар, малчдын хот айл руу ойртох нь зөвхөн нэг шалтгаантай үзэгдэл биш. Энэ нь байгаль орчны өөрчлөлт, цаг уурын нөхцөл, идэш тэжээлийн хомсдол, ичээлэхийн өмнөх болон дараах хөдөлгөөнтэй шууд холбоотой байж болдог.

Олон улсад хүн, баавгайн зөрчлийг зөвхөн амьтныг устгах замаар бус, шинжлэх ухааны судалгаа, эрсдэлийн үнэлгээ, орон нутгийн бэлэн байдал, иргэдийн оролцоог хослуулан зохицуулах туршлага түгээмэл байна.

Баавгайн хөдөлгөөнийг GPS, камераар хянадаг

Канадын Parks Canada болон АНУ-ын байгаль хамгааллын байгууллагууд баавгайн тоо толгой, нүүдэл, ичээлэх үе болон идэш тэжээл хайх үеийн хөдөлгөөнийг тогтмол судалдаг.

Ингэснээр тухайн жил байгалийн хоол тэжээл багассан эсэх, баавгай суурин бүс рүү ойртох магадлал нэмэгдсэн эсэхийг урьдчилан тооцоолох боломжтой болдог.

Судалгааны хүрээнд зарим баавгайд GPS хүзүүвч зүүж, хөдөлгөөний чиглэлийг нь хянахаас гадна ой, уулын бүсэд камер байршуулан зан төлөв, идэш тэжээлийн өөрчлөлтийг ажигладаг байна.

Ийм мэдээлэл нь зөвхөн судалгаанд ашиглагдаад зогсохгүй орон нутгийн удирдлага, аврах болон байгаль хамгааллын байгууллагад эрсдэлийн бүсийг урьдчилан тогтоох боломж олгодог.

Тухайлбал, байгалийн жимс, ургамлын гарц муу жил баавгай хүнсний үнэр даган суурин газарт орох эрсдэл өсөж болзошгүй тул иргэдэд эрт сэрэмжлүүлэг хүргэх, хог хаягдлын хяналтыг чангатгах зэрэг арга хэмжээг өмнө нь авч чаддаг байна.

Хог, хүнсний үнэрийг хамгийн түрүүнд хянадаг

Баавгай суурин газар руу орох нэг гол шалтгаан нь ил задгай үлдээсэн хүнс, мах, малын гаралтай бүтээгдэхүүн болон хог хаягдлын үнэр байдаг.

Иймээс Канадын British Columbia, Banff, Calgary, АНУ-ын Colorado, California, Montana, мөн Японы Hokkaido зэрэг баавгай ихтэй бүс нутагт хог хаягдлын тусгай зохицуулалт хэрэгжүүлдэг.

Зарим газарт BearSmart зэрэг хөтөлбөрөөр дамжуулан иргэдэд баавгай онгойлгож чадахгүй тусгай түгжээтэй хогийн сав ашиглахыг шаарддаг. Мөн хүнсний хаягдал, мах, загас зэрэг үнэр ихтэй бүтээгдэхүүнийг задгай орхихыг хориглодог байна.

Дүрэм зөрчиж, баавгай татахуйц хүнс, хаягдал гадаа орхисон тохиолдолд торгууль ногдуулах зохицуулалт ч байдаг.

Түүнчлэн зарим хот, суурин тусгай Bear Response Team буюу зэрлэг амьтан үргээх, хамгаалах баг ажиллуулдаг. Иргэд баавгай харсан, хашаа руу орсон эсвэл хүнтэй ойртсон талаар мэдээлэхэд уг баг очиж нөхцөл байдлыг үнэлэн, тохирох арга хэмжээ авдаг байна.

Унтуулж шилжүүлэх, үргээх аргыг түлхүү ашигладаг

Хүний амь насанд шууд аюул учруулаагүй, хоол хайж суурин газар руу орж ирсэн баавгайг заавал устгахгүй байх арга олон оронд хэрэглэгддэг.

Японы Tochigi мужид суурин газар орж ирсэн хар баавгайг тусгай эмээр түр унтуулж, хүн амын төвлөрлөөс хол бүс рүү буцаан зөөвөрлөсөн тохиолдлууд байдаг.

Европын Romania, Slovakia, Sweden, Norway зэрэг орнуудад ч амьтанд гэмтэл учруулахгүйгээр холдуулах аргыг өргөн хэрэглэдэг.

Үүнд чанга дуу авиа гаргах төхөөрөмж, тусгай үнэрт бодис, хамгаалалтын цацлага, гэрэл болон бусад deterrent буюу үргээх хэрэгсэл багтдаг.

Ийм арга нь баавгайг хүнтэй ойртох зуршлаас нь салгах, суурин газрыг аюултай бүс гэж ойлгуулахад чиглэдэг.

Мөн баавгай бамбарууштай явж байгаа эсэх, гэмтсэн эсэх, өмнө нь хүн рүү дайрч байсан эсэх, нэг газарт олон удаа орж ирсэн эсэх зэрэг нөхцөлийг тус бүрд нь үнэлж байж шийдвэр гаргадаг байна.

Олон улсын туршлагаас харахад хүн, зэрлэг амьтны зөрчлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь иргэдийг зөв мэдээллээр хангах, хог болон хүнсний хаягдлыг хянах, амьтдын хөдөлгөөнийг судлах, тусгай баг ажиллуулах, шаардлагатай үед унтуулах болон үргээх арга хэмжээг хослуулан хэрэгжүүлэх явдал юм.

Ингэснээр нэг талаас хүний аюулгүй байдлыг хамгаалж, нөгөө талаас зэрлэг амьтдыг шаардлагагүйгээр устгахгүй байх боломж бүрддэг байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу