“Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг суллахаар шүүх шийдвэрлэжээ. Харин түүнд Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотоос гадагш гарахыг хязгаарлах арга хэмжээ авсан байна.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өмнө нь Б.Баатарыг 2026 оны аравдугаар сарын 5-наас эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан юм.
Харин түүний өмгөөлөгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг шүүх аравдугаар сарын 14-нд хэлэлцжээ.
Эрүүл мэндийн байдлыг харгалзан шийдвэрээ өөрчилжээ
Шүүх хэрэгт авагдсан баримт материал, хэлэлцүүлгийн үеэр талуудын гаргасан тайлбар, өмгөөлөгчдийн хүсэлт болон түүнд хавсаргасан мэдээллүүдтэй танилцсаны дараа Б.Баатарын эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих арга хэмжээг өөрчлөхөөр шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт:
“…өмгөөлөгчийн гаргасан санал хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана.
Талуудад танилцуулагдаагүй баримт мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй…”
гэж заасан байдаг.
Ингээд шүүх 2026 оны аравдугаар сарын 14-нөөс Б.Баатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, суллахаар болсон байна.
Үүний зэрэгцээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотоос гадагш гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Ингэснээр Б.Баатар цагдан хоригдохоо больсон ч мөрдөн шалгах ажиллагааны хугацаанд нийслэлээс болон улсын хилээр гарах боломжгүй болсон байна.