“Макао нээлттэй тэмцээн”-ээс Монголын тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ

Азийн хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулсан “Макао нээлттэй тэмцээн” 2026 оны аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд болж, Зүүн Азийн бүсийн шилдэг тамирчид хурд хүчээ сорьжээ.

Монголын тамирчид 200 метрийн гүйлтийн төрөлд амжилттай оролцож, алт болон мөнгөн медалийг эх орондоо авчирсан байна.

Б.Солонго хувийн амжилтаа ахиулж түрүүлэв

“Алдар” спорт хороо, “Үчимбэр” клубын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Солонго 200 метрийн зайд 24.68 секундэд барианд орж, алтан медалийн эзэн болжээ.

Тэр өмнө нь 24.96 секундын хувийн дээд амжилттай байсан бөгөөд энэ удаагийн тэмцээнээр өөрийн үзүүлэлтийг 0.28 секундээр ахиулсан байна.

Харин МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “Үчимбэр” клубын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Ц.Мөнххэрлэн 25.54 секундын амжилт үзүүлж, мөнгөн медаль хүртжээ.

Ингэснээр 200 метрийн төрөлд Монголын хоёр тамирчин шагналын тавцанд зэрэг гарсан байна.

Тамирчдыг тус тэмцээнд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн хөнгөн атлетикийн багш А.Амгалан болон Үйцай сургуулийн багш Г.Жанцандорж нар дасгалжуулан оролцуулжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу