Apple компани хиймэл оюунд суурилсан Siri туслахтай, ухаалаг гэрийн төхөөрөмжүүдийг нэг төвөөс удирдах зориулалттай HomeView нэртэй шинэ бүтээгдэхүүнээ 2026 оны аравдугаар сарын 13-нд албан ёсоор танилцуулжээ.
Шинэ төхөөрөмж нь долоон инчийн дэлгэцтэй бөгөөд зөвхөн мэдээлэл харуулах бус, гэр бүлийн гишүүдийг ялган таньж, хүн бүрд өөр өөр үйлчилгээ үзүүлэхээр бүтээгдсэн байна.
Зургаа хүртэлх хүний царай, дуу хоолойг ялгана
HomeView нь нэг гэр бүлийн зургаа хүртэлх гишүүний царай болон дуу хоолойг таних боломжтой. Ингэснээр хэн төхөөрөмжид хандаж байгаагаас шалтгаалан тухайн хүнд тохирсон мэдээлэл, санал, үйлчилгээг харуулах аж.
Тухайлбал, Siri-ийн тусламжтайгаар хэрэглэгч өөрийн мессежүүд дундаас хэрэгтэй мэдээллээ хайх, худалдан авах зүйлсийн жагсаалт үүсгэх, өдөр тутмын ажлаа хялбарчлах боломжтой.
Үүнээс гадна HomeView нь гэрийн гэрэл, халаалт, хаалганы түгжээ болон бусад ухаалаг төхөөрөмжийг дуу хоолойгоор удирдах төв болж ажиллана.
Apple-ийн мэдээлснээр HomeView нь хэрэглэгчийн iPhone дахь мэдээллийг ашиглан асуултад илүү оновчтой, хувь хүнд тохирсон хариулт өгөх чадвартай.
Компанийн зүгээс хувийн нууцлалд мөн анхаарч, хэрэглэгчийн эмзэг мэдээллийг төхөөрөмж дээр удаан хугацаагаар хадгалахгүй, мэдээллийн хамгаалалтыг өндөр түвшинд хэрэгжүүлнэ гэж мэдэгджээ.
Арваннэгдүгээр сарын 13-наас худалдаанд гарна
Apple HomeView-ийг 299 ам.долларын үнээр худалдаалах бөгөөд борлуулалт 2026 оны арваннэгдүгээр сарын 13-наас эхлэхээр төлөвлөсөн байна.
Шинэ бүтээгдэхүүнээрээ Apple ухаалаг гэрийн төхөөрөмжийн зах зээлд Amazon болон Google-ийн бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх зорилготой байгаа аж.
Ингэснээр тус компани iPhone, Siri болон ухаалаг гэрийн экосистемээ илүү нягт холбож, хэрэглэгчийн өдөр тутмын гэрийн удирдлагыг нэг төхөөрөмж дээр төвлөрүүлэх шинэ алхам хийж байна.