Монголын дартсчид эх орондоо цомоо хамгаалж, 17 медаль хүртлээ

Монгол Улсад анх удаа зохион байгуулсан дартсын Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, Монголын баг тамирчид өмнөх амжилтаа бататган аваргын цомоо дахин өргөлөө.

21 дэх удаагийн тэмцээнд Монгол, БНСУ, Япон, Тайланд, Хятадын Тайвань, Шинэ Зеланд, Австрали гэсэн долоон орны 120 гаруй тамирчин оролцож, төрөл бүрийн ангилалд өрсөлдсөн байна.

2000 оноос хойш хоёр жил тутам зохион байгуулагддаг тус тэмцээний нээлттэй төрлийн нийлбэр дүнгээр түрүүлсэн улсын мэдэлд аваргын цом шилжин очдог уламжлалтай. Өмнөх жилүүдэд Шинэ Зеланд уг цомыг дөрөв, Австрали зургаа, Монгол хоёр удаа хүртэж байжээ.

Монголын эрэгтэй баг цомоо дахин авч үлдэв

Монголын шигшээ баг өмнөх буюу 20 дахь удаагийн тэмцээнд аваргалж байсан бөгөөд энэ удаа нутагтаа зохион байгуулсан тэмцээнд цолоо хамгаалж чадсан байна.

Эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн шигшээ багт Л.Ганзориг, Г.Алтангэрэл, Б.Баярсайхан, М.Алтантүлхүүр нар багтаж, дасгалжуулагчаар С.Энхболд ажиллажээ.

Монголын баг насанд хүрэгчдийн эрэгтэй ангилалд тэргүүлснээс гадна өсвөрийн ангилалд ч өндөр амжилт үзүүлсэн байна.

Өсвөрийн ганцаарчилсан төрөлд Х.Тэргэл аваргалж, хөвгүүдийн хосын төрөлд М.Тэлмэнтэй хамт алтан медаль хүртжээ. Үүний үр дүнд өсвөрийн эрэгтэй шигшээ баг нийлбэр дүнгээр аваргын цомын эзэн болсон байна.

Охидын ангилалд ч Монголын тамирчид амжилттай оролцож, багийн төрөлд алт, хүрэл, ганцаарчилсан төрөлд мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Монголын баг нийт найман алттай тэмцээнийг тэргүүлэв

Ази, Номхон далайн бүсийн 21 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид нийт 17 медаль хүртсэн байна.

Тэдний амжилт:

  • 8 алтан медаль
  • 4 мөнгөн медаль
  • 5 хүрэл медаль

Японы баг дөрвөн алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медальтай удаалсан бол Австрали хоёр алт, долоон мөнгө, гурван хүрэл хүртжээ.

Шинэ Зеландын тамирчид нэг алт, хоёр мөнгө, есөн хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

Ийнхүү Монголд анх удаа болсон тус тэмцээнээс манай тамирчид насанд хүрэгчид болон өсвөрийн ангилалд амжилт гаргаж, аваргын цомоо эх орондоо үлдээлээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу