Хандгайт-Улаангом чиглэлийн 110 кВ-ын шугамд засвар хийнэ
ОХУ-ын Чадан дэд станцаас Хандгайт-Улаангом чиглэлд цахилгаан дамжуулдаг 110 кВ-ын агаарын шугамын хүчдэлийг түр хугацаанд хязгаарлахаар болжээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд жил бүр хийгддэг төлөвлөгөөт засвар, үйлчилгээ наймдугаар сарын 11-ний 06:00-20:00 цагийн хооронд хийгдэх юм. Үүнтэй холбоотойгоор Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тухайн хугацаанд хязгаарлана.
Гурван аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг Дөргөний УЦС-аас хангана
Цахилгаан хязгаарлалтын үеэр баруун гурван аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг Дөргөний усан цахилгаан станцаас эрчим хүчээр хангахаар зохицуулалт хийжээ.
Ингэснээр нэн шаардлагатай хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг боломжит хэмжээнд тасалдуулахгүй байхаар төлөвлөсөн байна.
Наймдугаар сарын 12-нд Увсын 19 суманд цахилгаан түр хязгаарлана
Мөн наймдугаар сарын 12-ны 06:00-20:00 цагийн хооронд Увс аймагт дахин төлөвлөгөөт засвар хийгдэхээр байна.
Тодруулбал, Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн “Увс цахилгаан түгээх салбар” 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засвар хийх тул аймгийн 19 сумын гэрэл цахилгааныг түр хугацаанд хязгаарлах аж.
Иргэдийг нөөц эх үүсвэрээ бэлтгэхийг зөвлөлөө
Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас цахилгаан, эрчим хүч хэрэглэгчдэд тухайн хугацаанд хэрэглээгээ урьдчилан зохицуулахыг анхааруулж байна.
Иргэд, байгууллагуудыг шаардлагатай тохиолдолд нөөц эх үүсвэрээ ашиглах, цахилгаанаас хамааралтай ажлаа урьдчилан төлөвлөх, хэрэгцээт төхөөрөмжүүдээ цэнэглэж бэлтгэхийг зөвлөжээ.
Төлөвлөгөөт засварын ажил өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой тул хэрэглэгчдийг зарласан хугацаанд цахилгааны түр хязгаарлалтад бэлэн байхыг сануулж байна.