Баян-Өлгий, Сүхбаатарын газар зүйн нэрийг шинэчлэх төсөл өргөн баригдлаа

Зарим нэрийг монгол хэлээр шинэчлэхээр төлөвлөжээ

Улсын Их Хурлын дарга Н.Учралд 2026 оны гуравдугаар сарын 17-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд С.Бямбацогт “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.

Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 214,805 газар зүйн нэр “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-д бүртгэлтэй байдаг. Үүнээс Баян-Өлгий аймагт 8,767, Сүхбаатар аймагт 6,941 нэр багтдаг байна.

Төслийн хүрээнд Баян-Өлгий аймагт монгол хэлнээс өөр хэлээр нэрлэгдсэн 319 газар зүйн нэрийг монгол хэл рүү хөрвүүлэх, мөн 47 уламжлалт нэрийг шинэчлэхээр тусгажээ.

Алдаа, зөрүүтэй нэрсийг засварлах ажил хийгдэнэ

Сүхбаатар аймагт хийсэн судалгаагаар УИХ-аар баталгаажаагүй 940 нэр, байршлын зөрүүтэй 17, хэл бичгийн алдаатай 45 газар зүйн нэр байгааг тогтоосон бөгөөд эдгээрийг мөн уг төсөлд багтаан засварлахаар болсон байна.

Шинэчилсэн нэрсийг геодез, зураг зүйн улсын нэгдсэн мэдээллийн санд бүртгэж, олон нийтэд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Мөн 2026-2027 онд Баян-Өлгий аймгийн газар зүйн бүх нэрийг бүрэн тогтоох, сумдын хилийн цэсийг албан ёсны нэрээр шинэчлэх ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Төсөл батлагдсанаар газар зүйн нэршлийг нэгдсэн байдлаар зөв ашиглах, газрын зурагт албан ёсоор тэмдэглэх боломж бүрдэхээс гадна Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний хэл, соёл, өв уламжлалыг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу