Бэ Ён Жүн гэр бүлээрээ Солонгост эргэн иржээ: Дэлгэцнээ ч эргэн ирэх үү?

Жүжигчин Бэ Ён Жүн, Пак Сү Жин нар Хавайд дөрвөн жил амьдарсны эцэст хоёр хүүхдийнхээ хамт Өмнөд Солонгост буцаж ирсэн талаар мэдээлжээ. Тэд өдгөө Сөүлийн Банпо хорооллын тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдарч байгаа аж.

OSEN агентлагийн арваннэгдүгээр сарын 24-ний мэдээлснээр, хосууд Хавай дахь амьдралаа өндөрлүүлж, энэ оны эхээр эх орондоо эргэн суурьшсан байна. Бага сургуулийн насны хоёр хүүхэдтэйгээ хамт буцаж ирсэн тэд Сөүл хотын Сочо дүүргийн Банпо-дон дахь өндөр зэрэглэлийн орон сууцны цогцолборуудын нэгийг сонгожээ.

Энтертайнмент салбарын нэгэн эх сурвалж OSEN-д “Бэ Ён Жүн Хавайд биш, Өмнөд Солонгост амьдарч байгаа” хэмээн ярьсан байна. Харин гэр бүлийн ойрын танил нь “Бэ Ён Жүн, Пак Сү Жин нар Хавай дахь амьдралаа бүрмөсөн дуусгаж, энэ жил Солонгост буцаж ирсэн нь үнэн. Одоо тэд хүүхдүүдтэйгээ Банпо дахь орон сууцанд амьдарч байна” гэж мэдээлжээ.

Хүүхдүүдтэйгээ ярилцаад буцахаар шийджээ

Хосууд 2022 онд Хавай руу нүүсэн ч хүүхдүүдтэйгээ зөвлөлдсөний дараа эх орондоо эргэн амьдрахаар шийдсэн гэнэ. Ялангуяа Пак Сү Жин Солонгост буцаж ирэх хүсэлтэй байсан талаар эх сурвалжууд дурджээ.

Тэдний 10 настай хүү, найман настай охин Сөүл дэх Британийн олон улсын сургуульд шилжин суралцаж байгаа аж. Өмнө нь хүүхдүүд Хавайн нэр хүндтэй хувийн сургуульд сурдаг байжээ. Тухайн үед Бэ Ён Жүн, Пак Сү Жин нар сургуульд нь жил бүр 14–36 сая воны хандив өргөдөг байсан нь анхаарал татаж байв. Ийнхүү тэд сургуулийн хандивлагчдын жагсаалтын “Fellow” түвшинд бүртгэгдсэн байна.

Бизнесээ үргэлжлүүлж байгаа ч жүжиглэх төлөвлөгөөгүй

Бэ Ён Жүн 2018 онд KeyEast компанид эзэмшдэг хувьцаагаа SM Entertainment-д худалдсанаас хойш урлагийн үйл ажиллагаанаас хөндийрсөн юм. Улмаар 2022 онд түүний албан ёсны цахим хуудас хаагдахад жүжигчний карьераа чимээгүйхэн дуусгасан байж болзошгүй гэх таамаг гарч байлаа. Үүний дараа түүний төлөөлөгчид жүжиглэх ажлаасаа үндсэндээ зодог тайлсныг мэдэгдсэн байна.

Эх орондоо ирснээсээ хойш тэрээр хэд хэдэн бизнесийн ажилд төвлөрч байгаа талаар мэдээлжээ. Бэ Ён Жүн нь KOSDAQ биржид бүртгэлтэй Blitzway Entertainment компанийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг юм. Тус компанид жүжигчин Ү Ду Хван, Ду Гён Сү нар харьяалагддаг.

Гэхдээ Солонгост буцаж ирсэн нь дэлгэцнээ эргэн гарахын дохио биш бололтой. Салбарын эх сурвалж OSEN-д “Бэ Ён Жүн гэр бүлтэйгээ Солонгост эргэн ирсэн ч жүжигчний ажлаа үргэлжлүүлэх төлөвлөгөөгүй гэж ойлгож байгаа” хэмээн ярьжээ.

Бэ Ён Жүн, Пак Сү Жин нар 2015 оны долоодугаар сард гэрлэсэн. Тэд дараа жил нь анхны хүүхэд болох хүүгээ өлгийдөн авч, 2018 онд охинтой болсон юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу