CITIC Tower-ийн хананд үүссэн нүхийг банзаар хаажээ
Баасан гарагт Бээжин хотын хамгийн өндөр барилга болох 109 давхар CITIC Tower цамхгийг бага оврын онгоц мөргөсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас нисгэгч амиа алдаж, 13 хүн гэмтсэн ч хэрэг гарснаас хойш дөрөв хонож байхад шалтгаан нөхцөлийн талаар албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл нийтлэгдээгүй байна.
Энэхүү осол Хятадын Коммунист намын төв удирдлагын байрладаг Жуннанхай цогцолбороос хэдхэн километрийн зайд болсон нь олон нийтийн анхаарлыг улам татаж байна. Одоогоор Хятадын төрийн өмчит “Beijing Daily” сонинд гарсан, ослын үндсэн баримтыг дурдсан 60 орчим үгтэй богино мэдээлэл нь тус улсын талаас нийтэлсэн цорын ганц албан ёсны мэдэгдэл хэвээр байгаа аж.
Нислэгийн хатуу хоригтой бүсэд онгоц хэрхэн орсон нь тодорхойгүй байна
Бээжин хотын төв хэсэгт, тэр дундаа Тяньаньмэний талбай болон Хятадын дээд удирдагчид амьдарч, ажилладаг өндөр хамгаалалттай Жуннанхай орчмын ойролцоогоор 100 кв.км талбайд байнгын нислэг үйлдэхийг хориглодог. Ийм хатуу хяналттай агаарын бүсэд бага оврын онгоц хэрхэн нэвтэрч, улмаар CITIC Tower-ийг мөргөсөн нь тодорхойгүй хэвээр байна.
Ослын дараа цамхгийн хажуу хананд үүссэн нүхийг банзаар тагласан байна. Мөн ослын талаар цахим орчинд тархсан дүрс бичлэгүүдийг Хятадын интернэт орчноос бүрэн устгасан гэж мэдээлжээ.
Бага оврын нислэгүүдийг зогсоосон гэх мэдээлэл гарчээ
Нисэхийн салбарын гурван компани BBC-д мэдээлэхдээ, Бээжин хотод бага оврын агаарын хөлгийн үйл ажиллагааг түр зогсоох зааварчилгаа авсан гэжээ. Гэхдээ тэд уг шийдвэрийн шалтгаан болон хугацааны талаар нэмэлт тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Агаарын орон зай нь хатуу хяналтад байдаг Бээжин хотод ийм осол хэрхэн гарсан тухай асуулт улам олширч байна. Хятадын тал ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа нь олон нийтийн таамгийг улам нэмэгдүүлжээ.
Осол олон улсын анхаарлыг татаж эхлэв
Барууны зарим хэрэглэгчид уг хэрэг явдлыг АНУ-д болсон 9/11-ний халдлагатай зүйрлэн хэлэлцэж байна. Харин олон улсын харилцааны зарим шинжээчид 1987 онд Германы нисгэгч Матиас Руст Зөвлөлтийн агаарын хамгаалалтыг нэвтэрч, Москвагийн Улаан талбайд газардсан түүхэн үйл явдалтай харьцуулжээ.
Тухайн үед Зөвлөлтийн агаарын хамгаалалтын өндөр албан тушаалтнууд хариуцлага хүлээж, ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Үүнтэй адил Бээжинд ч аюулгүй байдлын салбарын удирдлагууд шийтгэл хүлээсэн байж болзошгүй гэсэн таамаг гарч байна. Гэсэн ч энэ талаар албан ёсны баталгаатай мэдээлэл одоогоор гараагүй байна.