Blackpink-ийн Женнигийн нэрээр шинэ загас нэрлэгдэв

Хятадын судлаачид саяхан нэгэн шинэ төрлийн загас илрүүлж, түүнийг Өмнөд Солонгосын Blackpink хамтлагийн дуучин Женнигийн нэрээр нэрлэсэн байна. Ингэснээр к-поп од дахин нэг салбарт нэрээ мөнхжүүлжээ.

Энэхүү шинэ зүйлийн загас нь хар, шар өнгөтэй бөгөөд хумсны толионоос томгүй хэмжээтэй аж. Эрдэмтэд түүнийг Хятадын гурав дахь том гол болох Сувдан голоос олжээ.

Загасны шинжлэх ухааны нэр нь Brachygobius jennie болсон. Учир нь үүнийг нээсэн эрдэмтэн Тянь Жянян Blackpink-ийн Женниг өөрийн байнгын урам зориг гэж үздэг. Тэрээр Женнигийн дууг байнга сонсдог бөгөөд дуучны нэрийг загасанд өгснөөр түүний эерэг нөлөөг онцлохыг хүссэн гэж ярьжээ.

Тянь Жянян 2025 оны дөрөвдүгээр сард Brachygobius jennie загасыг анх олж илрүүлсэн байна. Эхэндээ тэрээр хэтэрхий жижиг учраас тэднийг жараахай гэж бодсон. Гэвч загасны биеийн онцлог шинж чанарууд тухайн бүс нутагт өмнө нь ажиглагдаагүй, давтагдаагүй тул шинэ төрөл зүйл болохыг ухаарчээ. Дараа нь их сургуулийн болон лабораторийн хамт олонтойгоо хамт Brachygobius jennie-г нарийвчлан судлах ажилдаа орсон байна.

Судалгааны үр дүнд Brachygobius jennie нь Хятад улсад олдсон хамгийн жижиг загас болох нь тогтоогдсон төдийгүй, өөрийн төрөл зүйлийн дунд ч хамгийн жижиг хэмжээтэй нь байжээ.

Дашрамд хэлэхэд, шинжлэх ухаанд нэрээ мөнхжүүлсэн к-поп од Женни ганцаараа биш. Тухайлбал, Тайландын эрдэмтэд 2023 онд нэгэн ховор цэцгийг Blackpink хамтлагийн өөр нэг гишүүн Лисагийн нэрээр нэрлэсэн. Түүнчлэн энэ оны эхээр Европын судлаачид Мьянмарт олдсон 100 сая жилийн настай шавжийг Өмнөд Солонгосын Stray Kids хамтлагийн нэрээр нэрлэжээ. Учир нь уг шавжны урд хөлний ер бусын хумс нь Stray Kids хамтлагийн онцлог позтой төстэй байсан аж.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу