Өсвөрийн дэлхийн аварга болсон анхны монгол тамирчин
Азербайжаны Баку хотод Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зохион байгуулж буй 17 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин Болдбаатарын Ариунзул түүхэн амжилт гаргалаа.
Охидын 65 кг-ын жинд барилдсан Б.Ариунзул шигшээ барилдаанд Казахстаны Айша Абдималикийг 4:0-ээр ялснаар U17 насны ангилалд дэлхийн аварга болсон анхны монгол тамирчин болж байна.
Казахстаны бөхийг дахин ялж, алтан медаль хүртэв
Б.Ариунзул болон Айша Абдималик нар өмнө нь 17 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд учраа таарч байсан. Тухайн үед монгол тамирчин өрсөлдөгчөө 11:2-оор илүүрхэн ялж, улмаар хүрэл медаль хүртэх замаа засаж байв.
Энэ удаа тэрээр Дэлхийн аваргын дэвжээнд дахин илүүрхэж, шийдвэрлэх барилдаанд оноогоо хамгаалан 4:0-ээр ялалт байгууллаа.

Б.Ариунзул аваргын төлөө хэрхэн шалгарсан бэ
Б.Ариунзул тэмцээний турш тогтвортой, итгэлтэй барилдаан үзүүлсэн байна.
Тэрээр эхний даваанд Украины Ирына Бухтинаг 5:0-ээр ялж, тэмцээнээ амжилттай эхлүүлжээ. Дараа нь шөвгийн наймд Узбекистаны Шахзода Азимоваг 11:0-ээр оноогоор цэвэр ялсан байна.
Хагас шигшээд Беларусийн Палина Брахинетстэй хүч үзэж, 7:1-ээр илүүрхэн ялснаар аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан юм.
65 кг-ын жингийн медальтнууд тодорлоо
Охидын 65 кг-ын жинд алтан медалийг Монголын Б.Ариунзул хүртсэн бол Казахстаны Айша Абдималик мөнгөн медаль хүртлээ.
Хүрэл медалийн эзнээр Молдавын Маргарита Лисита болон Беларусийн Палина Брахинетс нар тодорсон байна.
Монголын баг охидын ангилалд тавдугаарт бичигдэж байна
Одоогийн байдлаар охидын багийн дүнгээр Украины баг 69 оноотой тэргүүлж байна. Тэд аль нэг жинд алтан медаль аваагүй ч жин бүрт жигд амжилт гаргаснаар оноогоороо тэргүүлж байгаа юм.
АНУ хоёр жинд түрүүлж, 67 оноотой хоёрдугаарт бичигдэж байгаа бол Япон нэг алтан медальтайгаар 55 оноогоор гуравдугаарт жагсаж байна. Энэтхэгийн баг 52 оноогоор дөрөвдүгээр байрт явж байгаа юм.
Б.Ариунзулын авсан 25 оноо Монголын багийн дүнд томоохон хувь нэмэр болж, манай баг 39 оноотойгоор тавдугаар байрт бичигдэж байна.
Баку дахь тэмцээн наймдугаар сарын 2-нд өндөрлөнө
U17 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 2-нд өндөрлөх хуваарьтай.
Өнөөдөр охидын сүүлийн жингүүдийн аваргууд тодорсны дараа багийн нийлбэр дүн дахин шинэчлэгдэх юм. Гэсэн ч Б.Ариунзулын түрүү Монголын чөлөөт бөхийн өсвөрийн ангиллын түүхэнд онцгой амжилт болон үлдлээ.