Хоёр хотын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар ярилцав
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар болон орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан ХБНГУ-ын Бонн хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Бонн хотын зөвлөлийн гишүүн, хотын орлогч дарга доктор Урсула Зауттер, Олон улсын харилцаа, дэлхийн тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан газрын дарга, төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга Стефан Вагнер нар оролцсон байна. Талууд Улаанбаатар, Бонн хотын олон жилийн найрамдалт харилцааг өргөжүүлэх, хотын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр санал солилцжээ.
Улаанбаатар, Бонн хот 1999 оноос харилцаатай
Улаанбаатар хот Бонн хоттой 1999 онд найрамдалт харилцаа тогтоосон. Тухайн үеэс хоёр хот эрүүл мэнд, аялал жуулчлал, дэд бүтэц, төсөл хөтөлбөрийн чиглэлээр хамтран ажиллаж иржээ.
Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж буй энэ үед хот хоорондын хамтын ажиллагааг илүү өргөн агуулгаар баяжуулах боломжтойг талууд онцолсон байна.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг онцлов
Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан уулзалтын үеэр Улаанбаатар хот дэд бүтэц, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, хүртээмжтэй орон сууц зэрэг олон сорилттой тулгарч байгааг хэлжээ.
Эдгээр асуудлыг шийдэхэд олон улсын хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн оролцоо, инновац болон шинэлэг санхүүгийн арга хэрэгслүүдийн ач холбогдол улам нэмэгдэж байгааг тэрээр тэмдэглэсэн байна.
Ногоон дэд бүтэц, тогтвортой хот байгуулалтаар туршлага солилцоно
Цаашид Улаанбаатар, Бонн хот ногоон дэд бүтэц, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, байгаль орчны хамгаалал, тогтвортой хот байгуулалт зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар ярилцжээ.
Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл, орон сууц, хотын үйлчилгээний салбарын хөгжил, олон улсын хотуудын сүлжээний хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна.
Ундны ус, шугам сүлжээний шинэчлэлд хамтарч магадгүй
Уулзалтын үеэр Бонн хотын төлөөлөгчид Улаанбаатар хотын ундны усны чанар, шугам сүлжээний шинэчлэл, усны дахин ашиглалт зэрэг асуудлаар хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойгоо илэрхийлжээ.
Түүнчлэн савласан усны хэрэглээг бууруулах, байгаль орчинд ээлтэй сав баглаа боодол нэвтрүүлэх, усны салбарын технологи, туршлага, инновац, мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг харилцан солилцох чиглэлээр хамтрах боломжийг дурдсан байна.
Бонн хотын төлөөлөгчид мөн олон улсын хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгчээ.
“Хамтран ажиллах өргөн боломжтой”
Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “Улаанбаатар хот Бонн хоттой тогтоосон найрамдалт харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд харилцан туршлага судлах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой” гэдгийг онцолсон байна.
Талууд цаашид хотын тогтвортой хөгжил, ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамгаалал болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдсэн гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.