К-попын дэлхийн хэмжээний төлөөлөл болсон “BTS” хамтлаг 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын завсарлагааны тоглолтод оролцохоор болжээ. Тэд энэ тайзан дээр дэлхийн поп одод болох Мадонна, Шакира нартай хамт уран бүтээлээ толилуулах юм.
Финалын завсарлагаа Супер боулын хэв маягтай болно
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын завсарлагааны тоглолт долдугаар сарын 19-нд АНУ-ын Нью Жерси муж дахь “MetLife” цэнгэлдэх хүрээлэнд болно. Уг үзүүлбэрийг Супер боулын завсарлагааны шоуны хэв маягаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
“BTS”-ийн агентлаг “BigHit Music”-ийн мэдэгдэлд “Дэлхий ертөнц нэгдэж буй ийм утга учиртай тайзнаа гарах нь нэр төрийн хэрэг. Хөгжим бол итгэл найдвар, эв нэгдлийг авчирдаг нийтлэг хэл гэдэгт бид итгэдэг” гэжээ.
ДАШТ-ий финалын завсарлагааны тоглолтыг дэлхий даяар шууд дамжуулах бөгөөд шоуг “Coldplay” хамтлагийн гоцлол дуучин Крис Мартин найруулах юм байна.
Jung Kook өмнө нь ДАШТ-ий тайзан дээр гарч байв
“BTS” хамтлагийн гишүүн Jung Kook өмнө нь 2022 онд Катарт болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны дуу болох “Dreamers”-ийг тэмцээний нээлтийн ёслолын үеэр толилуулж байсан юм.
Үүнээс гадна “BTS” энэ долоо хоногт Калифорни дахь Стэнфордын цэнгэлдэх хүрээлэнд гурван удаа тоглолт хийхээр байна. Ингэснээр тэд тус цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийсэн анхны солонгос хамтлаг болох аж.