“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын цам харайх ёслол өндөрлөв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдрийн хүрээнд зохион байгуулагдсан “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын цам харайх ёслолын төгсгөлд сор залах шашны зан үйлийг үйлдлээ.
Энэхүү ёслол нь Даншиг наадмын уламжлалт зан үйлийн нэг хэсэг бөгөөд сүсэгтэн олны хувьд гай барцад, өвчин зовлон, муу бүхнийг арилгах бэлгэдэлтэй гэж үздэг.
Сор залах ёслол ямар утгатай вэ
Сор залах нь тохиож болзошгүй гай зовлон, саад барцдыг зайлуулах утга агуулгатай шашны зан үйл юм. Энэ үеэр сүсэгтэн олон өөрийн бие, амьдралд тохиож буй өвчин, зовлон, барцад, муу нөлөөнөөс ангижрахыг хүссэн зүйлээ цаасан дээр бичиж, галд шатаадаг.
Мөн тусгайлан бэлтгэсэн, гартаа атгах зориулалттай балин хэмээх домын хэрэгслийг галд өргөдөг байна. Ингэснээр муу муухай бүхэн ариусаж, саад тотгор арилна гэж сүсэглэдэг ажээ.
Сорын бэлгэдэл ба зан үйлийн утга
Сор гэдэг нь гурван галын үзүүр нийлсэн мэт хурц орой бүхий жаран дөрвөн балин юм. Сор залах зан үйлд энэхүү балинг догшин сахиусны мөн чанарт адислан, очирт аянгын хүчийг бэлгэдсэн галын дунд өргөдөг байна.
Уг зан үйлийн үеэр хатуу тарниар дуудан ирүүлсэн дайсан зэтгэр, ад дон, муу хүчийг сорын үйлээр дарж, сөнөөж буйг бэлгэддэг. Иймээс сор залах нь энгийн нэгэн галын ёслол бус, шашны утга агуулга бүхий хатуу домын үйлд тооцогддог.
Сүсэгтэн олон ариусал, хамгааллын бэлгэдэл хэмээн үздэг
Сүсэгтэн олон сор залах ёслолоор дамжуулан ад зэтгэр, гай барцад, өвчин хорлол, муу бүхнийг дарагдан үгүй боллоо хэмээн залбирч, сүсэглэдэг байна.
Ийнхүү “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын цам харайх ёслол сор залах эртний зан үйлээр өндөрлөж, шашин, соёл, уламжлалын гүн утга агуулгыг олон нийтэд дахин санууллаа.