ДЦС-5 төслийн талбайн геологийн өрөмдлөг дуусаж, үндсэн тоног төхөөрөмжүүдийг захиалжээ

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажил дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмжүүдийн захиалга хийгдсэн байна. Тус төслийн бүтээн байгуулалтын ажил энэ сарын 4-нд албан ёсоор эхэлсэн юм.

ДЦС-5-ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га талбайд барихаар төлөвлөсөн. Одоогоор газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл, зураг төслийн ажлууд үе шаттай үргэлжилж байгааг албаныхан мэдээлжээ.

Дулааны тавдугаар цахилгаан станц нь Монгол Улсад төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй анхны эрчим хүчний төсөл юм. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр Камбож улсын “Митайм Интернэйшнл” компани ажиллаж байна.

ДЦС-2-ын үнсэн сангийн талбайг ашиглана

ДЦС-2 нь 1961 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 65 жилийн турш хуримтлагдсан үнсийг зөөх ажлыг дөрөвдүгээр сарын 22-ноос эхлүүлжээ.

Мөн ДЦС-2, ДЦС-4 ТӨХК-ийн үнс зайлуулах системийн шугам хоолойг шинэчлэх, өргөтгөх ажилд нийслэлийн төсвөөс 7.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Төслийг 2028 оны III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

ДЦС-5 төслийн нийт төсөвт өртөг 658.5 сая ам.доллар. Үүнээс нийслэлийн хариуцах хөрөнгө 20 хувь буюу 131.7 сая ам.доллар байна. 2025 оны арванхоёрдугаар сарын 22-ны ханшаар тооцвол энэ нь 467.4 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа аж.

2026 онд уг төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Барилгын ажлын хугацааг 30 сар гэж тогтоосон бөгөөд станцыг 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулах зорилт тавьжээ.

ДЦС-5 ашиглалтад орсноор цагт 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэнэ. Ингэснээр 100 мянган айлыг цахилгаанаар, 40-50 мянган айлыг дулаанаар хангах боломж бүрдэх юм.

Тус станц Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллыг найдвартай дулааны эрчим хүчээр хангах ач холбогдолтой гэж үзэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу